Дэлхий

Хятад, Узбекистан, Киргизстан улсуудыг холбосон төмөр зам байгуулах гэрээнд талууд гарын үсэг зуржээ

Нийтэлсэн

Хятад улсыг Төв Азийн Узбекистан, Киргизстан улсуудтай холбох төмөр замын гэрээнд талууд өчигдөр буюу Пүрэв гарагт гарын үсэг зуржээ.

Энэ төсөл нь Бээжингийн эрх баригчдын сүүлийн арван жил хэрэгжүүлж буй Евразийн орнуудыг дэд бүтцээр холбох Бүс ба Зам санаачилгын нэг хэсэг юм.

$8 тэрбумын өртөгтэй, 523 км урт төмөр замын эхлэх цэг Хятадын Шинжааны Кашгар хот байх ба Киргизстаны баруун өмнөд хэсгээр дайран зүүн Узбекистаны Андижон хот хүрэх ажээ.

Уг төмөр зам нь Оросоор дамждаг Хятад ба Европын ачаа тээврийн замыг 900 км-ээр богиносгож, илүү хямд, илүү хурдан болгох юм байна.

Гурван улсыг холбосон төмөр зам байгуулах саналыг анх 1990-ээд онд гаргаж, 1997 онд талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байжээ.

Гэхдээ техник, улс төр, геополитикийн шалтгаануудын улмаас хэрэгжиж чадалгүй өнөөдрийг хүрсэн байна.

Гол нь Төв Азийг өөрийн нөлөөний бүс гэж үздэг ОХУ уг төслийг хэрэгжүүлэхийг сонирхохгүй байсантай холбоотой.

Гэвч Украины дайнаас улбаатай Өрнөдийн хоригийн улмаас Орос улс эдийн засгийн хувьд Хятадаас өндөр хамааралтай болсон нь уг төсөл хэрэгжих нөхцөлийг бүрдүүлжээ.

“Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр зам бол Хятад улсыг Төв Азитай холбох стратегийн төсөл бөгөөд Бүс ба Зам санаачилгыг манай гурван улс хамтран хэрэгжүүлэх түүхэн чухал төсөл юм. Энэ үйл явдал нь гурван улс гар нийлэн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын хөгжлийг эрэлхийлэх тууштай алхам хийж буйг олон улсын хамтын нийгэмлэгт харуулж байна” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин илгээлтдээ мэдэгдсэн байна.

Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзёев нар бас гэрээнд гарын үсэг зурсныг тохиолдуулан мэндчилгээ илгээснийг Шиньхуа агентлаг уламжилжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Exit mobile version