Дэлхий

Ирээдүйд хүмүүсийг Ангарагт хүргэх SpaceX-ийн аварга пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай боллоо

Нийтэлсэн

Өчигдөр буюу Пүрэв гарагт SpaceX компанийн Starship аварга пуужин дөрөв дэх туршилтаа амжилттай гүйцэтгэснээр хүмүүсийг Ангарагт хүргэх боломж нэг алхам ойртлоо.

Техасын өмнөд эргээс хөөрсөн пуужин сансрын уудамд хүрээд буцаж дэлхийн агаар мандалд орж ирснийхээ дараа Энэтхэгийн далайд төлөвлөсний дагуу зөөлөн буусан байна.

Гуравдугаар сард болсон өмнөх туршилтаар уг пуужин дэлхийн агаар мандалд орж ирснийхээ дараа дэлбэрч байсан юм.

“Халалтаас хамгаалах бүрхүүлүүдийн нэлээд хэсэг нь салж, хурд сааруулагч гэмтсэн хэдий ч Starship хөлөг далайд зөөлөн бууж чадлаа” гэж SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск сошиал хуудсандаа мэдээлжээ.

Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том пуужин гэгддэг 122 метр урт Starship нь Super Heavy хурдасгуур болон түүний оройд бэхлэгдсэн Starship сансрын хөлөг гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Газраас хөөрснөөс хойш гурван минутын дараа энэ хоёр хэсэг салж, Starship хөлөг цааш нислэгээ үргэлжлүүлсэн бол Super Heavy хурдасгуур Мексикийн булангийн усанд амжилттай буужээ.

Өөрийн хөдөлгүүрээр Starship хөлөг дэлхийг тойрон 70 минут орчим хугацаанд ниссэний дараа буцаж, Энэтхэгийн далайд буусан байна.

Ингэхдээ дэлхийн агаар мандалд чөлөөтэй унах үед тохиолддог их халалтыг тэсэж чадсан нь өмнөх туршилтын алдааг засаж чадсан амжилт юм.

Starship хөлгөөр ойрын ирээдүйд NASA-гийн сансрын нисгэгчид саранд хүрэх бөгөөд алсдаа Ангараг гарагт хүн төрөлхтний төлөөллийг хүргэх зорилготой.

Пуужинг анх 2023 оны дөрөвдүгээр сард туршихад хөөрснийхөө дараахан газраас 40 км-ийн өндөрт дэлбэрч байв.

Арваннэгдүгээр сард болсон хоёр дахь туршилтаар анх удаа сансрын уудмын захад хүрч чадсан ч бас л дэлбэрсэн юм.

Харин гуравдугаар сард болсон гурав дахь туршилтаар буцах үе шатандаа агаар мандалд орж ирээд хэт халалтыг тэсэлгүй дэлбэрч байжээ.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version