Дэлхий

Франц улс Украины армид Mirage байлдааны нисэх онгоц нийлүүлэх болсныг ерөнхийлөгч Макрон мэдэгджээ

Нийтэлсэн

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр тус улс энэ онд багтаан өөрийн үйлдвэрийн Mirage 2000-5 байлдааны нисэх онгоцнуудыг Украины армид нийлүүлж, нисгэгчдийг нь бэлдэж өгөхөөр болсныг мэдэгджээ.

“Украины газар нутаг, агаарын орон зайг хамгаалах Францын Mirage 2000-5 байлдааны нисэх онгоцнуудыг энэ оны төгсгөлд шилжүүлж өгөх хамтын ажиллагааны шинэ хөтөлбөрийг бид маргааш зарлах болно” гэж France 2 телевизийн сувгаар Макрон ярьсан байна.

Ингэхдээ тэр хэдэн ширхэг онгоц нийлүүлэх талаар дурдаагүй юм. Харин Украины нисгэгчдийг зургаан сарын хугацаанд сургахаа амлажээ.

Макрон бас Украины армийн 4,500 хүнтэй ангийг сургаж, иж бүрэн зэвсэглэж өгөхөд бэлэн байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм.

Мөн Францын зэвсгээр ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрснөө дахин баталжээ.

Франц улс энх тайвныг хүсэж байгаа ч үүний төлөө Украиныг золиослохыг огт хүлээн зөвшөөрөхгүйг Макрон мэдэгдсэн байна.

Франц улс нь Оросын эзлэн түрэмгийллээс Украиныг хамгаалах үйлсэд хамгийн шийдэмгий байр суурь илэрхийлж буй холбоотнуудын нэг юм.

Энэ оны эхээр Макрон хуурай замын цэргийн хүчээ Украинд илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа холбоотон орнуудын дундаас анх удаа мэдэгдэж байв.

Тус улсын батлан хамгаалах яам цэргийн сургагчдаа нутаг дэвсгэрт нь илгээхээр болсныг Украины армийн ерөнхий командлагч Олександр Сырский өнгөрсөн сард мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version