Дэлхий

Хятад даяар 13 сая төгсөгч элсэлтийн шалгалт өгч эхэллээ

Нийтэлсэн

Баасан гарагт Хятад даяар ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгч эхэлжээ.

Үүнийг дэлхийн хамгийн том академик шалгалт гэж үздэг.

“Гаокао” гэж нэрлэдэг уг шалгалт хоёр өдөр үргэлжилж, төгсөгчид 12 жилийн хугацаанд сурч мэдсэнээ үнэлүүлдэг юм.

Энэ жилийн шалгалтад 13.4 сая гаруй төгсөгч оролцож байгаа нь өнгөрсөн оны 12.9 саяыг давж, түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.

Төгсөгчид Хятадын уран зохиол, математик, англи хэл, физик, хими, улс төр, түүх зэрэг хичээлүүдээр тус бүр нэг цаг гаруй хугацаанд шалгуулдаг.

Хамгийн өндөр оноо авсан нь Хятадын шилдэг их сургуулиудад элсдэг тул шалгалт маш их өрсөлдөөнтэй болдог байна.

Өчигдөр өглөө сургуулиудын гадна талбай сэтгэл түгшсэн эцэг эхчүүдээр дүүрэн байлаа.

Тэдний зарим нь ялалтын өнгөд тооцогддог улаан өнгийн хувцас өмсөж, эрдэм номын амжилтыг бэлгэддэг наран цэцэг гартаа барьжээ.

Орон нутгийн эрх баригчид шалгалт авах байруудын ойр орчимд дэг журам тогтоох янз бүрийн арга хэмжээнүүдийг авсан байна.

Бээжин хотод өглөөний 6:00 цагаас эхлэн сургуулиудын ойролцоох замуудын хөдөлгөөнийг цагдаа нар зохицуулж эхэлжээ.

Шанхай хотод такси дуудлагын төвүүд долоо хоногийн өмнөөс төгсөгчдийг шалгалтын байранд хүргэх захиалга авч эхэлсэн байна.

Хятадын сошиал сүлжээ шалгалтад амжилт хүссэн захиа зурвасуудаар дүүрч, Вэйбо платформын хамгийн эрэлттэй түлхүүр үг “гаокао” болжээ.

Хятадын төдийгүй гадаадын алдартнууд шалгалт өгөгчдөд амжилт хүссэн байна.

Британийн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм 10 сая орчим дагагчтай Вэйбо хуудсандаа “Удахгүй шалгалтаа өгөх төгсөгчдөд би амжилт хүсэж байна. Та бүхэн маш их хөдөлмөрлөсөн. Жинь Бан Ти Мин!” гэж ярьсан дүрс бичлэгийг нийтэлжээ.

 

Эх сурвалж: CNN

Exit mobile version