Дэлхий

Орчин үеийн хүний өвөг дээдэс Неандертальчуудтай ямар хугацаанд дотно харилцаатай байсныг судлаачид тогтоожээ

Нийтэлсэн

Бидний өвөг дээдэс нь хүний өөр нэг төрөл зүйл болох Неандерталь хүмүүстэй эвцэлдэж байсан гэж эрдэмтэд үздэг.

Өнөөдөр Африк тивийн уугуул оршин суугчдаас бусад бүх хүнд 2 хувийн Неандерталь ген агуулагддаг нь үүнийг баталдаг юм.

Үүний үр дүн өнөөдрийн хүмүүсийн эрүүл мэндэд, тухайлбал бодисын солилцоо, чихрийн шижингийн эрсдэл зэрэг олон хүчин зүйлд ул мөрөө үлдээсэн гэдэг.

Хүний энэ хоёр төрөл зүйл нэг өвөг дээдэстэй байснаа 500,000 гаруй жилийн өмнө салсан байна.

75,000 орчим жилийн өмнө Неандертальчууд Ази, Европт амьдарч байх үед хүмүүс Африк тивээс эдгээр тивүүдэд нүүдэллэж эхэлжээ.

Харин 40,000 жилийн өмнө Неандертальчууд устаж алга болсон юм.

Тэгвэл Германы Макс Планкийн нэрэмжит Эволюцийн Антропологийн Хүрээлэн, АНУ-ын Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд 45,000-аас 2,200 жилийн өмнө амьдарч байсан 59 хүний ДНХ-ийг шинжилж, энэ хоёр төрөл зүйлийн дотно харилцаа хэр удаан үргэлжилснийг тогтоожээ.

Хүний өвөг дээдэс болон Неандертальчууд анх 47,124 орчим жилийн өмнө эвцэлдэж байсан гэж тэд дүгнэсэн байна.

Гэхдээ энэ харилцаа 6,832 орчим жил үргэлжлээд өндөрлөжээ.

Өөрөөр хэлбэл энэ үеэс хойш Неандертальчууд устсан бололтой.

Үүнээс гадна эрдэмтэд орчин үеийн 275 хүний генийг судалж, Неандертальчуудаас өвлөж авсан ген хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг тогтоожээ.

Энэ судалгаагаар одоогийн болон эртний хүмүүсийн аль алинд бодисын солилцоо, дархлаа, арьсны пигментэд нөлөөлдөг неандерталь ген байдгийг илрүүлсэн байна.

Тухайлбал неандертальчуудтай холилдсоны үр дүнд хүмүүсийн арьс цайрсан нь бүрхэг уур амьсгалтай үед авах D аминдэмийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой болжээ.

Судалгааны тайлан өнгөрсөн сард бусад эрдэмтдийн саналыг авах зорилгоор BioRxiv сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version