Дэлхий

“Дэлхийн мандал” гэрэл зургийг буулгасан сансрын нисгэгч 90 насандаа онгоцны ослоор амиа алдав

Нийтэлсэн

“Дэлхийн мандал” хэмээх түүхэн гэрэл зургийг сарны дэргэдээс буулгасан Аполло 8 хөлгийн багийн гишүүн асан Уилльям Андерс бага оврын нисэх онгоц жолоодон нисэж байх үедээ усанд осолдон амиа алджээ.

90 настай байсан тэрбээр Баасан гарагт АНУ-ын Вашингтон мужийн Сан Хуан арлуудын ойролцоо далайн усанд осолдсон байна.

Түүний хүү болох чөлөөнд гарсан агаарын хүчний дэд хурандаа Грэг Андерс аавынхаа үхлийн талаар нийтэд мэдээлжээ.

Баасан гарагийн орой ахмад нисгэгчийн цогцсыг уснаас илрүүлсэн байна. Онгоцонд нисгэгчээс өөр хүн яваагүйг ослыг шалгаж буй албаныхан мэдээлжээ.

Андерсын гэрэл зураг нь сансраас авсан дэлхийн анхны өнгөт гэрэл зурагт тооцогддог. Уг гэрэл зураг хүмүүсийн эх дэлхийгээ харах өнцгийг өөрчилж, үе үеийн олон залууст сансрын нисгэгч болох урам зориг өгсөн гэдэг. Бас эх дэлхийгээ хайрлан хамгаалах хөдөлгөөний бэлгэдэл болсон юм.

Аполло 8 хөлгийн баг сарыг дөрөв дэх удаагаа тойрон нисэх үед тэр камерынхаа хар цагаан хальсыг өнгөтөөр солиод уг зургийг буулгаж байжээ.

Дунд зогсож байгаа нь Уилльям Андерс. 1968 он
“Мэдээж энэ бол хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл байсан. Сарны бүрсгэр саарал гадаргуу дээр урган гарч ирсэн өнгөлөг бөмбөрцгийг харахад зул сарын гацуур модны чимэглэл шиг эрс ялгаатай харагдаж байлаа” гэж Андерс дурссан байдаг.

Андерс 1996 онд гэргийн хамт Вашингтон мужийн Берлингтон хотын нисэх буудалд “Heritage Flight Museum” нэртэй нисэх хүчний музей байгуулсан нь хуучны 15 нисэх онгоц, ахмад нисгэгчдийн хандивласан эд зүйлсээс бүрдсэн үзмэрүүдтэй юм байна. Уг музейг Андерс хоёр хүүгийнхээ тусламжтай ажиллуулдаг байжээ.

Тэрбээр зургаан хүүхэд, 13 ач зээтэй хүн байсан байна.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version