Нийгэм
Улсын арслан Р.Пүрэвдагвыг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгасан байна
Монголын Үндэсний Бөхийн Холбооны/МҮБХ/ ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс тогтоол гаргаж, улсын арслан Р.Пүрэвдагвад үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгажээ.
“Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлүүдийг үндэслэж Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нь тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасан, энэхүү байдал нь давтагдаж буйг зөрчил гаргасанд тооцсон байна.
Тэрбээр гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа хүсэлт гаргасан, бусад улсын цолтнууддаа үлгэрлэн идэвх зүтгэлтэй барилдаж буйг харгалзан үзэж, “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоолоо хэмээн МҮБХ-ноос мэдээлжээ.