Дэлхий

Владимир Путиний охид Оросын хөрөнгө оруулалтын чуулганд оролцов

Нийтэлсэн

Энэ долоо хоногт болж өнгөрсөн Санкт Петербургийн Эдийн Засгийн Чуулганд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охид оролцсон нь ховор үйл явдал байлаа.

Гэр бүлийн амьдралаа нууцалдаг Путин 39 настай Мария Воронцова, 37 настай Катерина Тихонова нарыг хэзээ ч өөрийн хүүхдүүд гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Гэхдээ тэднийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хүүхдүүд мөн болохыг эх сурвалжууд баталдаг ба 2022 онд АНУ-ын сангийн яам тэднийг “ОХУ-ын ерөнхийлөгчийн охид” нэрээр хоригийн хар жагсаалтдаа оруулж байжээ.

Воронцова, Тихонова нар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад Санкт Петербургийн Эдийн Засгийн Чуулганд илтгэгчээр оролцоцгоосон юм.

Эхний өдөр Оросын зэвсэгт хүчинтэй холбоотой технологийн компанид ажилладаг Тихонова тус улсын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд зэвсэгт хүчний салбарын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцүүлэгт видео холбоогоор оролцон илтгэл тавьсан байна.

“Төрийн бүрэн эрхэт, бие даасан байдал сүүлийн жилүүдийн гол сэдэв байсан бөгөөд энэ нь Оросын аюулгүй байдлын үндэс юм” гэж Тихонова илтгэлээ эхлүүлжээ.

Төрийн өмчит генетикийн хүрээлэнд биологийн судлаачаар ажилладаг Воронцова маргааш нь салбарынхаа инновацын асуудлаарх салбар хуралдаанд оролцсон байна.

Зохион байгуулагчдаас тараасан материалд түүнийг Оросын Шинжлэх Ухааныг Дэмжих Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн гэсэн албан тушаалаар танилцуулжээ.

Энэ хоёр эмэгтэй сүүлийн жилүүдэд олон нийтийн өмнө ил гарах нь нэмэгдэж, янз бүрийн чуулга уулзалт, арга хэмжээнүүдэд оролцох болсон юм.

Өмнө нь тэд Санкт Петербургийн Эдийн Засгийн Чуулганд зочноор оролцож байсан бол энэ жил анх удаа албан ёсны хөтөлбөрт нь багтжээ.

Путиний салсан эхнэр Людмила 1985, 1986 онуудад Мария, Катерина нэртэй хоёр хүүхэд төрүүлсэн баримт байдаг.

2000-аад оны эхээр Кремийн хэвлэлийн алба Путиний гэр бүлийн амралтын гэрэл зургийг нийтлэхдээ шаргал үстэй өсвөр насны хоёр охины царайг харуулалгүй нууцалж байжээ.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version