Нийгэм
Х Богд Жавзандамба хутагт төрсөн өдрөөрөө 100 хүүхдэд бэлэг тараажээ
Х Богд Жавзандамба хутагт есөн насны төрсөн өдрөө тохиолдуулан Улаанбаатар хотын 6 дүүргийн 100 айлын хүүхэд багачуудад бэлэг тараажээ.
Жавзандамба хутагт төвийн тайлангаас үзвэл, тавдугаар сарын 4-нд тохиосон Х Богд Жавзандамба хутагтын төрсөн өдрөөр хүүхэд бүрд төрсөн өдрийн бялуу, “Үлгэрийн далай” ном, “Бороогийн аялал” ном, “Бумбардай ном”, Х Богд гэгээний шүтээн хөргөөс бүрдсэн бэлгийн багц хүргүүлж, хүүхэд багачуудыг баярлуулсан байна.
“Тунамал дүртэй Х Богд хутагт маань хэдий 9 нас зооглож буй балчирхан хүүхэд ч гэсэн хамаг амьтны тусыг чухалчилдаг хутагт бодьсадва учраас өөрийнх нь төрсөн өдрөөр өөр шиг нь балчирхан хүүхэд багачуудад бэлэг өгч баярлуулахад таалал нь машид баяссан буй за.
Бид “Богд ба хүүхдүүд” аянаа олон нийтийн өглөг хандиваар өрнүүлсэн тул олон нийтэд тус аяны орлого, зарлагыг ил тод тайлагнаж байна.
“Богд ба хүүхдүүд” аянд өргөл хандив өргөсөн, гар бие оролцсон, машин унаа тэргээрээ үйлчилсэн, туслан дэмжсэн бүх хүмүүс умар зүгийн шашин, амьтны аврал итгэл Х Богд Жавзандамба хутагтын таалалд болгоогдож, бие, хэл, сэтгэлийн гурван үүдээрээ Бурхан гэгээний хутгийг олох буян билгүүний чуулганыг цогцлоож байх болтугай” гэж Жавзандамба хутагт төвөөс мэдээлжээ.