Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Мөнх-Идэр: Хөгжлийн дараагийн өртөө бол аж үйлдвэржилт

Нийтэлсэн

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэртэй аж үйлдвэржилтийн талаар ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн дараагийн өртөө бол аж үйлдвэржилт байна гэсэн юм.


– Яриагаа аж үйлдвэржилтийн талаар эхлүүлье. Манай улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

– Монгол Улсад хөгжингүй орнуудын нэг болох суурь потенциал их бий. Өргөн уудам газар нутаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн нөөц баялаг гэх мэт. Энэ их нөөц баялагтаа тулгуурлан аж үйлдвэржилтийн салбараа зөв тооцоо судалгаатай, төлөвлөлттэй, шинжлэх ухаанчаар хөгжүүлж чадвал монголчууд бид элбэг хангалуун, сайхан амьдрах боломжтой.

Ялангуяа газрын хэвлийн байгалийн баялгаа зөв менежментээр эдийн засгийн эргэлтэд оруулчихвал улс орны хөгжил богино хугацаанд өөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ газрын баялаг дуусдаг, хязгаарлагдмал нөөцтэй учраас үүнийгээ хэрхэн нийгэм эдийн засагт, иргэддээ үр өгөөжтэй байдлаар ашиглах вэ, дараа нь бидэнд юу үлдэх вэ гэдэг нь уул уурхайн салбарын хамгийн чухал зорилт юм.

Энэ зорилтод хүрэх цорын ганц зөв гарц нь боловсруулалтын түвшнийг ахиулах, нэмүү өртөг шингээх хими-металлургийн үйлдвэрүүдийг барьж байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал.

Өнөөдрийг хүртэл бид нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш, цайр гэх мэт бүхий л ашигт малтмалуудаа олборлоод шууд экспортлох, цөөхөн хувийг нь анхан шатны баяжуулалт хийж экспортлох чиглэлээр явж ирсэн.

Энэ нь үндсэндээ нийт экспортын 90%-ийг дангаар бүрдүүлж, манай улсын эдийн засгийн гол суурь болсон. Дан олборлолтын экспортоос хамаарах нь тийм ч зөв биш л дээ. Гэхдээ уул уурхайн олборлолт, тээвэр логистик, боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэг салбар нэг үеэ бодоход өөр түвшинд хүрсэн.

– Боловсруулалтын шат руу шилжихийн тулд аж үйлдвэрийн паркуудыг барьж байгуулах ёстой. Эхний ээлжид 6 үйлдвэр технологийн парк байгуулах төлөвлөгөө гаргажээ. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

– Монгол Улсын хөгжлийн дараагийн өртөө бол аж үйлдвэржилт буюу түүхий эд бэлтгэн нийлүүлдэг бус технологи болон өртөг шингэсэн ахисан шатны үйлдвэрлэлийг олноор бий болгох явдал.

Үүний тулд эрчим хүч, ус хангамж, дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлэх, паркийн зохион байгуулалтаар үйлдвэр цехүүдийг уялдаатай хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

Энэхүү үүргийг төрийн зүгээс “Эрдэнэс Монгол” нэгдэл манлайлж, манайх буюу нэгдлийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК гүйцэтгэж, энэ чиглэлд нэлээдгүй олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа.

Тухайлбал Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэрийг түшиглэсэн зэс-металлургийн цогцолбор, Дарханд ган хайлуулах үйлдвэрийг түшиглэсэн төмөрлөг-металлургийн цогцолбор, Бор-Өндөрт жонш, цахиур, төмөр гүнзгий боловсруулах цогцолбор, Тавантолгойд кокс-химийн цогцолбор, Багануурт нүүрс-химийн цогцолбор, Хөтөлд барилгын материалын үйлдвэрлэлийг бүтээн байгуулахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байгаа.

– Ашигт малтмалаа өөрсдөө боловсруулснаар эдийн засагт ямар өөрчлөлтүүд авчрах вэ. Тооцоо судалгаа хийсэн байх?

– Монгол Улсын эдийн засаг үлэмж хэмжээгээр тэлнэ. Энгийнээр хэлбэл, 3.5 сая хүний дунд нэг том бялуу байна гэж үзвэл тэр бялуугаа улам бүр томруулах нь чухал шүү дээ.

Тэгж хэмээн хүн бүрд ногдох бялууны зүсэм томорно гэсэн үг. Жишээ хэлье. Манай улс жилд 20-50%-ийн бага агуулгатай 600 орчим мянган тонн жоншны хүдрийг Хятад улс руу экспортолж, үүнээсээ ердөө 18 сая ам.долларын орлого олдог.

Манай хүдрийг Эрээн хот, Улаанцавын баяжуулах үйлдвэр баяжуулаад 60 сая ам.долларын кальцын фтор үйлдвэрлэж байна. Ингээд ахиад цааш Хятадын зүүн өмнөд хэсэгт байрлах Ханжоу хотын Жөжяны фторт устөрөгчийн үйлдвэрт очоод  70 мянган тонн HF буюу 175 сая ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн болж байгаа юм. Ахиад цаашлаад бидний мэдэх айркондишны шингэн, литийн батарей зэрэг хэрэглээний бүтээгдэхүүн болдог.

Эндээс дүгнэхэд Монгол Улс эцсийн биш юм гэхэд II-III шатны боловсруулалт хийе, дээрх өгөөжийг өөрсдөө хүртдэг болъё, жинхэнэ утгаараа баялагтаа эзэн байя гэсэн зорилго зорилтоор үйлдвэр технологийн паркуудыг барьж байгуулах гээд байгаа юм.

Ердөө л энэ. Боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулж хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж, цалин орлоготой болж, нэг хүнд ногдох ДНБ өснө. Мөн орчин үеийн техник технологи нэвтэрч, цаашлаад үйлдвэрлэлийн шинжлэх ухаан ч хөгжих олон талын ач холбогдолтой.

Ерөөс манай дэлхийн хаана ч аж үйлдвэржилтийг алгасаж хөгжинө гэдэг ойлголт байхгүй шүү дээ.

– Үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

– Аль ч улс орон өөрийнхөө давуу чанарт тулгуурлан хөгждөг. Аль бүсэд, аль аймагт ямар давуу тал байна, ямар баялгийн нөөц илүү байна түүнийг нь харгалзаад аж үйлдвэржилтийн төлөвлөлт гаргах нь чухал.

Тэр төлөвлөлтөө хот төлөвлөлт, логистик төлөвлөлт, боомтын төлөвлөлттэй уялдуулж цогцоор нь гаргах ёстой. Үүний дараа хүний нөөцөө бэлтгэх, усан хангамж, цахилгаан эрчим хүчээ шийдвэрлэх гэх мэт суурь асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн нэг үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнийг нөгөө үйлдвэр нь боловсруулж чаддаг, нэг үйлдвэрийнхээ түүхий эдийг нөгөө үйлдвэр нь хангаж чаддаг гинжин хэлхээг бий болгож байж илүү үр ашигтай ажиллана. Үүний тулд л нэгдсэн байдлаар, харилцан уялдаатайгаар үйлдвэрүүдийг бүтээн байгуулах шаардлага тулгарч байгаа юм.

Энэ бол ердөө нэг тал нь. Нөгөөтэйгүүр, үйлдвэрлэл технологийн парк гэдэг нь бизнесийн таатай орчин бүрдүүлэх тавцан байх юм. Энд та үйлдвэр байгуулснаар ийм хөнгөлөлтүүд эдэлнэ, тийм дэд бүтэцтэй байна, түүхий эдийн нийлүүлэлт тогтвортой, тээвэр логистик нь ингэж шийдэгдэнэ гэхчлэн соронз шиг татах хүчтэй, илүү боломж нөхцөлөөр хангаж өгсөн платформ байх ёстой юм.

Манай компанийн хэрэгжүүлэх 6 үйлдвэр технологийн парк яг дээрх шиг төлөвлөлттэй байна. Стратегийн болон чухал ашигт малтмалууддаа тулгуурлан суурь үйлдвэрүүд барьж байгуулах замаар аж үйлдвэрийн түүхий эдүүдийг хувийн хэвшлийг ханган нийлүүлнэ.

Суурь үйлдвэрүүдэд ч мөн хувийн хэвшлүүд хамтдаа оролцоод явах боломжтой. Зүйрлэвэл, бидэнд өндөг хэрэгтэй гэж үзвэл шувууны үүрийг нь бэлдэж өгч байна гэсэн үг. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, бүтээлч санал төсөлтэй хэн бүхэнд боломж олгоно. Гуравдугаарт, үйлдвэрүүдийг парк хэлбэрээр нэг дор төвлөрүүлэх нь байгаль орчин, хяналт талдаа ч хамгийн үр дүнтэй байдаг.

Дэлхийн хөгжсөн орнууд бүгд паркийн хэлбэрээр үйлдвэрлэлээ хөгжүүлсэн байдаг. Жишээ нь, манай хөрш Өвөр монгол гэхэд сүүлийн 10 жилд 60 гаруй үйлдвэрлэлийн парк байгуулж, эрчимтэй хөгжүүлснээр ДНБ хэмжээгээ 170 тэрбум доллароос 330 тэрбум доллар хүртэл өсгөж эдийн засгаа тэлж чадсан.

Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ 14 мянган ам.долларт хүрсэн байх жишээтэй. Ордос хотынх гэхэд нэг хүнд ногдох ДНБ 34 мянган ам.доллар, Алша аймгийнх 21 мянган ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, түрүүнд хэлсэнчлэн аж үйлдвэр хөгжихийн хэрээр дагаад нэг хүн бүрийн амьдралын чанар дээшилж байна гэсэн санаа.

– Өнгөрсөн хугацаанд Эмээлт, Алтан ширээт, Сайншандын үйлдвэрлэл технологийн паркийг барьж байгуулах талаар ярьсан ч амжилттай хэрэгжүүлж чадаагүй. Та бүхэнд төлөвлөсөн паркаа барьж байгуулахад ямар сорилтууд тулгарч байна вэ?

– Тиймээ, бид өнгөрсөн хугацааны алдааг давтахгүй, урагшаа харж л хөгжинө шүү дээ. Алдсан алдаа бүхэн өнөөдрийн ололт болдог. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. Бид гэрэлтэй талуудаа олж харж, бодитоор дүгнэх ёстой.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого өөрөө улс орны хөгжлийн нэн чухал баримт бичиг юм. Өнгөрсөн хугацаанд тодорхой ажлууд хийгдэж, амжилтууд ч гарлаа. Үүний нэг хэсэг болох аж үйлдвэржилтийн сэргэлтийг одоо шинжлэх ухаанчаар, прагматикаар хандаж авч явах нь чухал гэдгээ ойлгочихлоо.

Ингээд замын зургаа ч гаргачихлаа. Энэ талаар эрдэмтэд, инженерүүд, төр, хувийн хэвшлийн экспертүүдийн хамтын хүчээр ажиллана. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж монголчууд ярьдаг, бидэнд байгалийн өгөгдөл байна, олон улсын түвшний эрдэмтэд, инженерүүд байна, харин дэд бүтэц, эрх зүйн орчин зэргийг сайжруулах бол даваад гарах л зүйл гэж харж байгаа.

– Үйлдвэр технологийн паркуудыг барьж байгуулах нь нэг хэрэг, харин тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх нь чухал асуудал байх?

– Бид 6 паркийнхаа хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж дууссан. Ямар чиглэлээр, хаана, ямар үйлдвэр байгуулах, тэдгээрийн орц гарцыг тодорхойлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, технологи, зах зээл, эрсдэлийн үнэлгээг нь хийлээ.

Дээрх 6 байршил нь харьцангуй үйлдвэрлэл хөгжсөн, хот суурин төвлөрсөн, дэд бүтэцтэй газар учраас төлөвлөлт хэрэгжих боломж өндөр байна. Мэдээж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, ус цахилгаан хангамжийн дэд бүтцийг байгуулах, хүний нөөцийг бэлтгэх, хөрөнгө оруулалтын загварыг боловсронгуй болгох зэрэг сорилтууд бий.

Химич, металлургич, инженер эдийн засагч, аж үйлдвэрийн менежмент гэх зэрэг өндөр түвшний боловсон хүчнийг бэлтгэхээр ШУТИС-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тэтгэлэг олгох, гадаадын нүүрс-хими, металлургийн үйлдвэрүүдэд дадлагажуулах, олон улсын нэр хүндтэй сургуульд багш оюутнуудыг бэлтгэх зэрэг ажлыг төлөвлөж байгаа.

Мөн олон улсын амжилттай хэрэгжсэн сайн туршлагуудыг, сүүлийн үеийн ногоон технологиудыг нэвтрүүлэх чиглэлээр гаднын судалгааны томоохон хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа. Тухайлбал, Хятадын Жөжяны төлөвлөлт судалгааны хүрээлэн байна. Өвөр Монголын 110 үйлдвэрлэл технологийн паркийн 45 паркийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хийсэн хүрээлэн юм.

Тэдний туршлага бидэнд үнэтэй. Дэлхийд нэгэнтээ амжилттай хэрэгжиж байгаа, өндөр технологитой төслүүдийг Монголд хэрэгжүүлэх нь цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх сайн талтай. Түүнчлэн Баялгийн сангийн хууль батлагдлаа. Уул уурхайн салбараас төвлөрсөн орлогын тодорхой хувийг Хөгжлийн сангаар дамжуулж эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн. Товчхондоо, сорилтууд бий, шийдлүүд ч бий.

– Үйлдвэр технологийн паркуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хувийн хэвшлийнхэн ямар байдлаар оролцох вэ?

– Ярилцлагын эхэнд дурдсан 6 байршилд нийт 32 үйлдвэр, цех төлөвлөөд байгаа. Үүнээс Эрдэнэтийн 125 мянган тонны зэс хайлуулах үйлдвэр, 10 мянган тонны нуруулдан уусгах зэсийн үйлдвэр, 4.8 мянган тонны ферромолибдемын үйлдвэр, 181 мянган тонны элементийн хүхрийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан.

Одоо дэд бүтцийн бүтээн байгуулалт 55%-тай явж байна. Тэнд катодын зэсийг ашиглаж зэс фойл, зэс нунтаг, зэс хоолой, зэс утас зэрэг дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг хувийн хэвшил бүтээн байгуулна.

Тэгвэл Дарханд 1.2 сая тонн ган хайлуулах үйлдвэр байгуулж, 500 мянган тонн ган бэлдэц, 200 мянган тонн ширэм, шууд ангижруулсан төмөр 100 мянган тонн, арматур 340 мянган тонныг үйлдвэрлэж, дотоодын гангийн хэрэгцээг 100 хувь хангана. Мөн Багануурт нүүрс-пиролизийн үйлдвэр байгуулж, хорт хольцгүй хөх нүүрс болон дизель түлш үйлдвэрлэнэ.

Ерөөс нийт 6.2 тэрбум ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүнийг дээрх 6 байршилд үйлдвэрлэхэд талаас илүү хувь нь дотоодын зах зээлд чиглэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн байх бол үлдсэнийг нь экспортолно гэж төлөвлөсөн.

Өөрөөр хэлбэл, эдгээр төслүүд хэрэгжсэнээр манай улсын эдийн засгийн бие даасан байдал нэмэгдэнэ. 2030 он гэхэд нийт 10 мянга орчим ажлын байр шинээр бий болно. Харин гагц эхлүүлснээ дуусгах, зорилго чиглэлээсээ хувирахгүй, хазайхгүй, бодлого тогтвортой байх нь энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг болно.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа