Дэлхий

Украинд амь үрэгдсэн хоёр иргэнийхээ шарилыг шилжүүлж өгөхийг Энэтхэгийн засгийн газар ОХУ-аас хүсжээ

Нийтэлсэн

Оросын талд байлдаж байсан хоёр иргэн нь Украинд амиа алдсан тухай Энэтхэгийн засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Тэдний шарилыг шилжүүлж өгөх, мөн Оросын армид дайчлагдсан бусад бүх иргэдээ буцааж өгөхийг Энэтхэгийн гадаад хэргийн яам Москвагийн эрх баригчдад уриалсан байна.

Оросын тал одоогоор энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа ажээ.

Энэтхэгийн олон арван иргэн мөнгө олох, Оросын иргэний паспорт авах амлалтад хууртан цэрэгт дайчлагдсан тухай мэдээ өмнө нь тарж байсан юм.

“Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөний үеэр Оросын армид дайчлагдсан Энэтхэгийн хоёр иргэн саяхан амиа алдсанд бид гүнээ харамсаж байна” гэж гадаад харилцааны яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн уг мэдэгдэлд “ОХУ-д ажил хөдөлмөр эрхлэх боломж хайхдаа болгоомжтой байхыг” өөрийн иргэдэд уриалсан байна.

Энэтхэгийн цагдаагийн газар өнгөрсөн сард залуу эрчүүдийг ОХУ-д ажиллуулах, сургах нэрээр хуурч гаргадаг хууль бус сүлжээний дөрвөн гишүүнийг баривчилж байв.

Энэ оны эхээр Энэтхэгийн өөр хоёр иргэн Украины фронт дээр Оросын талд байлдаж байгаад алагдсан мэдээ ирж байсан юм.

Энэтхэгийн хөрш Шри-Ланка, Балба улсуудын эрх баригчид бас ажил зуучлагчдад хууртахаас болгоомжлохыг өөрийн иргэдэд байнга анхааруулж байгаа.

Балба улсын засгийн газар хамгийн багадаа 20 иргэн нь Оросын армид байлдаж байгаад алагдсан тухай мэдээлсэн юм.

Шри-Ланкын засгийн газар 16 иргэн нь Украины дайны талбарт алагдсаны ихэнх нь Оросын талд байлдаж байсныг мэдээлжээ.

Шри-Ланкын гадаад хэргийн сайд Али Сабри уг асуудлыг Даваа гарагт Москва хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа хөндсөн тухай тус улсын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Энэ үеэр талууд Шри-Ланкын иргэдийг дахин цэрэгт дайчлахгүй байхаар тохиролцсон байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version