Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэхээр болсон
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024-06-11/ Дорнод аймагт ажиллав. Энэ үеэр тус аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг зургаан аймагт барьж буйгаас Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгийн төвүүдийг өнгөрсөн намар ашиглалтад оруулсан.
Өнөөдөр нээлтээ хийж буй Дорнод аймаг дахь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төв тав дахь нь юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, нийгмийн эерэг хандлага бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах нь чухал” гэв.
Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцооны өөрчлөлт хийснээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар намуудын жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж, Монгол Улсын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх боломж бүрдээд буйг тодотголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард орон нутагт ажиллахдаа Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудыг ч уриалж байсан юм. Тэрбээр энэ амлалтдаа хүрч МАН-ын жагсаалтад нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгож “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Саранчулууныг оруулаад буй.
>Монгол Улсын хэмжээнд 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 67 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Зүүн бүсэд 11050, Дорнод аймагт 4400 гаруй нь аж төрдөг аж. Энэхүү төв ашиглалтад орсноор Дорнод аймаг төдийгүй, зүүн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд орон нутагт шинээр 30 ажлын байр бий болжээ. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулах юм.