Дэлхий

АНУ-ын засаг захиргаа Украины дайнтай холбоотой Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүллээ

Нийтэлсэн

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ өргөжүүллээ.

Тус улсын сангийн яам, төрийн департаментын зарласан багц хориг арга хэмжээнд Орос, Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудын 300 гаруй байгууллага хамрагдсан байна.

Тухайлбал Москвагийн Хөрөнгийн Бирж болон түүний хэд хэдэн охин компанийг хоригт оруулснаар тэдгээр нь америк долларын арилжаа явуулах боломжгүй болжээ.

Мөн Оросын шингэрүүлсэн байгалийн хийн гурван том төсөлд оролцогчдыг хориг арга хэмжээгээр шийтгэсэн байна.

“Өнөөдрийн арга хэмжээ нь гадаадаас материал, тоног төхөөрөмж авах үлдсэн замууд, тэр дундаа гуравдагч орноос хамааралтай чухал хангамжийн замуудад нь нөлөөлж байна. Бид Оросын дайны эдийн засагтай холбоотой санхүүгийн байгууллагуудын эрсдэлийг нэмэгдүүлж, зайлсхийх арга замыг арилгаж, гадаадын технологи, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээнд нэвтрэх Оросын боломжийг хааж байна” гэж АНУ-ын сангийн сайд Жанет Йелен мэдэгджээ.

Шинэ хоригоос гадна сангийн яам Оросын “цэрэг зэвсгийн аж үйлдвэрийн бааз” гэдэг ойлголтоо шинэчилсэн байна.

Өмнө нь энэ ойлголтоор Оросын батлан хамгаалах салбарыг дэмжсэн үйл ажиллагаа явуулахыг гадаадын банкуудад хориглож байсан юм.

Харин өчигдрийн арга хэмжээний үр дүнд энэхүү хоёрдогч хоригийг АНУ-ын хориг арга хэмжээнд өмнө нь хамрагдсан Оросын бүх хувь хүн, байгууллагуудад үйлчилдэг болгожээ.

Өөрөөр хэлбэл АНУ-ын хар жагсаалтад орсон ямар ч хувь хүн, байгууллагатай холбоотой гүйлгээг дамжуулсан гадаадын банк, санхүүгийн байгууллага хоёрдогч хоригоор шийтгүүлэх болж байна.

Хамрах хүрээ нь 1,000 гаруй этгээд байснаа 4,500 орчим болж өргөжжээ.

Вашингтоны эрх баригчид бас Оросоос зарим мэдээллийн технологийн үйлчилгээ, программ хангамжийн дэмжлэг авах боломжийг хаасан байна.

Энэ долоо хоногт Италид эхлэх Их Долоогийн бүлгийн удирдагчдын чуулганыг угтуулан АНУ-ын засаг захиргаа ийм арга хэмжээг авлаа.

Чуулганаар Өрнөдөд битүүмжлэгдсэн Оросын хөрөнгийг Украиныг дэмжихэд зориулах шийдвэрийг зарлаж магадгүй байгаа.

Оросын Төв Банкны 300 тэрбум еврогийн хөрөнгө Өрнөдийн банкуудад битүүмжлэгдээд байгаа юм. Энэ хөрөнгийн хүүгийн орлогыг Украины тусламж дэмжлэгт зориулах санаа яригдаж байна.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version