Дэлхий

Оросын цөмийн шумбагч хөлөг Кубын эрэгт байрлав

Нийтэлсэн

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын тэнгисийн флотын хөлгүүд Куба улсын боомтод ирж байрлажээ.

Байлдааны гурван хөлгөөс гадна Казань цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг энд таван өдөр байрласны дараа Карибын тэнгист зохион байгуулагдах байлдааны сургуулилалтад оролцох юм байна.

Казань бол далавчит пуужин харвах чадвартай, шинэ загварын шумбагч хөлөг юм.

Казанийн багтдаг Ясень ангиллын шумбагч хөлөг зохион бүтээх ажил бүр Хүйтэн дайны үед эхэлж байсан ба анхны бүтээгдэхүүн нь 2013 онд ашиглалтад орсон Северодонецк ажээ.

Северодонецк хөлгийн дараа засаж сайжруулсан Ясень-М ангиллын Казань хөлөг Оросын тэнгисийн флотод нэмэгдэж байв.

Шинэчилсэн хөлөг өмнөхөөсөө овор хэмжээ бага, цөмийн хөдөлгүүр нь дуу чимээ багатай болсон гэдэг. Тиймээс илрүүлэх, хянахад хэцүү болсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна.

Оросын эрх баригчид хамгийн цөөндөө есөн ширхэг Ясень ангиллын шумбагч хөлөг бүтээхээр төлөвлөсөн гэх мэдээлэл бий.

Казань шумбагч Кубын боомтод ирсэн нь хэд хэдэн зорилготой.

Нэгдүгээрт, 2019 оноос хойш Карибын тэнгист зохион байгуулагддаг болсон Оросын агаар, тэнгисийн зэвсэгт хүчний байлдааны сургуулилалтад оролцох.

Хоёрдугаарт, Зөвлөлтийн үеэс эхлэлтэй Орос-Кубын түншлэлийг бэхжүүлэх.

Гуравдугаарт, Украины дайны улмаас сөргөлдөх болсон АНУ-д зэр зэвсгийн хүчин чадлаа харуулах.

АНУ-ын албаныхан Карибын тэнгис дэх Оросын хөлгүүдийн шилжилт хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ. Кубын боомтуудад Оросын хөлгүүд 2013-2020 онуудын хооронд жил бүр тогтмол ирдэг байсан ба одоогоор АНУ-д шууд аюул занал учруулаагүйг мэдэгдэлдээ тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version