Дэлхий

Жо Байден өрсөлдөгчдөө 78 насны төрсөн өдрийн мэнд хүргэв

Нийтэлсэн

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 78 нас хүрсэн юм.

81 настай АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүнд төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. “78 насны төрсөн өдрийн мэнд, Дональд. ‘Нас бол зөвхөн тоо юм’ гэдэг үгийг нэг хөгшин нөгөөдөө хэлж байна” гэж тэр Х хуудсандаа бичжээ.

Тэд энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх нь тодорхой болоод байгаа.

Гэхдээ хоёр нэр дэвшигчийн өндөр насны асуудал сүүлийн үед Америкчуудын санааг улам бүр зовоож байна.

Байденаас гурав дүү Трамп өөрийгөө илүү залуу, эрч хүчтэй мэт харагдуулахыг хичээж байгаа ч аль аль нь өндөр насны асуудалтай тулгараад байгаа.

Сүүлийн санал асуулгаар Америкчуудын 86 хувь нь Жо Байденыг ерөнхийлөгчөөр ажиллахад хэтэрхий хөгшин гэж үзсэн бол Трампын хувьд 59 хувь нь ингэж хариулжээ.

Өнгөрч буй долоо хоногт Европт байхдаа Байден хэд хэдэн удаа байх ёстой газраа ололгүй төөрч будилахад тэргүүн хатагтай болон бусад улсуудын удирдагчид түүнийг хөтлөн чиглүүлж байлаа.

Гэсэн хэдий ч тэргүүн хатагтай Жилл Байден “Энэ сонгууль бол насны асуудал биш. Жо болон түүний өрсөлдөгч үндсэндээ нэг үеийн хүмүүс. Нас ахисан ч Жо бидний амьдарч буй цаг үеийн хамгийн үр дүнтэй ерөнхийлөгчдийн нэг мөн” гэж хэвлэлд ярьжээ.

Дональд Трампын хувьд бас сүүлийн үед яриандаа алдаж, төөрч будилах нь илт нэмэгдсэн.

Түүнтэй сүүлийн үед уулзсан Америкийн компаниудын гүйцэтгэх захирлуудаас цуглуулсан мэдээллээ саяхан CNBC суваг эмхэтгэн цацсан юм. Уг нэвтрүүлэгт оролцсон олон захирал Трампыг “ярьж байгаа зүйлээ ойлгохгүй байсан” гэж мэдүүлжээ.

Хоёр нэр дэвшигч зургаадугаар сарын 27-нд анхны мэтгэлцээндээ оролцохоор тохироод байгаа.

CNN сувгийн зохион байгуулах энэ мэтгэлцээнээс тэдний ухаан санаа ямар түвшинд байгааг харж болох юм.

Байден, Трамп нар дундаа сурталчилгааны завсарлагатай 90 минутын турш мэтгэлцэх ажээ. Ингэхдээ завсарлагын үеэр сонгуулийн штабын ажилтнуудтайгаа уулзахгүй, зөвлөлдөхгүй байхаар тохиролцсон байна.

Нэр дэвшигчдийн гарах индрийн талыг зоос шидэж шийдэх, ярих ээлж нь болоогүй нэр дэвшигчийн микрофоныг унтраах, индэр дээр үзэг, цаас, аягатай уснаас өөр ямар ч зүйл байхгүй байх, студид үзэгч байхгүй байх зэрэг дүрмийг тохирсон тухай CNN мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version