Дэлхий

“Петробрас” компанийн ажилтнуудын ажил хаялт 18 дахь өдрөө үргэлжилж байна

Нийтэлсэн

Бразилийн эрчим хүчний том компани “Петробрас”-ын 120 салбарт багтдаг, газрын тос үйлдвэрлэлийн 21 мянга гаруй ажилтан ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа тухай Бразилийн Газрын тосны ажилчдын холбооноос мэдээлж байна. Бразилийн Хөдөлмөрийн маргааны асуудал эрхэлсэн Дээд шүүхээс ажил хаялтыг хууль бус гэж тогтоосон боловч энэ ажил хаялт 18 дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

“Петробрас”-ын ажилтнууд компаниас азотын бордооны үйлдвэрээ хааж, 1000 гаруй ажилтнаа цомхотгохоор болсныг эсэргүүцсэн байна. Компанийн Үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр хүмүүсийг үй олноор нь халах нь 2019 оны 11 дүгээр сард баталсан хамт олны гэрээг зөрчиж байгаа хэрэг гэж тэмдэглэжээ. Энд “Петробрас”-аас ойрын 5 жилийн хугацаанд үйлдвэрчний эвлэлтэй урьдчилан зөвшилцөлгүйгээр хүмүүсийг бөөнөөр нь цомхотгохгүй гэж заасан байна.

Мөн ажилтнууд концесс, хувьчлалтай холбогдуулан явуулж байгаа ажиллагаа, стратегийн ач холбогдолтой хувьцааг худалдаалж байгаа асуудал, түүнчлэн газрын тос бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээс илүү олборлолтод анхаарч байгаад дургүйцлээ илэрхийлж, үндэсний хэмжээний хугацаагүй ажил хаялт зарлажээ.

Гэтэл энэ сарын 17-нд Бразилийн Хөдөлмөрийн маргааны асуудал эрхэлсэн Дээд шүүхийн шүүгч Ивиш Гандра да Силва Мартинш Фильо “Петробрас” нефть хийн компанийн удирдлагуудын хүсэлтийг хангаж, ажил хаялтыг хууль бус гээд, компаниас цалинг нь бууруулах, арга хэмжээ авах, халахыг зөвшөөрчээ.

Ажил хаясан ажилтнуудыг Бразилийн алсын тээвэрлэгчид дэмжиж, Засгийн газраас түлшний үнийн асуудлаар явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн ажил хаялт зарлаж эхэлсэн байна. “Петробрас” нь Бразилийн төрийн өмчит нефть хийн хамгийн том компани юм. Энэ компанитай холбоотой авлигын дуулианд Бразилийн хоёр ч Ерөнхийлөгч холбогдож байсан түүхтэй.

Exit mobile version