Дэлхий
Японы олон улсын наадмын шагналт хөгжимчин ANA компанийн нисэх онгоцны ажилтны хувцсыг хулгайлаад баригджээ
Японы цагдаагийн байгууллага ANA (All Nippon Airways) компанийн нисэх онгоцноос бүхээгийн ажилтны хормогч хулгайлсан этгээдийг саяхан баривчилснаа мэдээлжээ.
Лхагва гарагт баривчлагдсан 34 настай Казуяа Сайто нь энэ оны дөрөвдүгээр сард Окинава мужийн Ишигаки нисэх буудалд зогсож байсан ANA компанийн онгоцноос хормогчийг хулгайлснаа хүлээсэн байна.
Токио хотын оршин суугч тэрбээр дотоод гадаадын сонгодог хөгжмийн уралдаан тэмцээнүүдээс шагнал хүртэж байсан төгөлдөр хуурч байжээ. Тухайлбал тэр 2009 онд Парис хотод зохион байгуулагддаг Long-Thibaud Competition наадмаас шагнал хүртсэн хүн юм байна.
Ажилтнуудынх нь дүрэмт хувцас хулгайд алдагдах болсон талаар ANA компанийн гаргасан мэдээллийн дагуу цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Сайто “Эмэгтэй хүмүүсийн дүрэмт хувцсыг цуглуулах хоббитой. Тэдгээрийг үнэрлэж, өмсөж таашаал авдаг” гэж цагдаад мэдүүлжээ.
Тэр бас саяхан ANA компанийн өөр онгоцноос эмэгтэй ажилтнуудын дүрэмт хувцас хулгайлснаа хүлээсэн байна. Цагдаа нар Токиогийн Нэрима дүүрэг дэх Сайтогийн гэрээс олон тооны хормогч, сувилагчийн хувцас илрүүлжээ.
Эх сурвалж: Kyodo News