Дэлхий

Украины энх тайвны асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Нийтэлсэн

Швейцарын Бюргенштокт өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины энх тайвны асуудлаарх дээд хэмжээний уулзалт эхлэв. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад нийт 92 улс орон, найман олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Бага хуралд Оросын талыг оролцуулаагүй нь Украины оролцоог хангах зорилготой холбоотой гэж Швейцарын Гадаад хэргийн сайд Иньяцио Кассис тодруулжээ. 57 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцож байна.

Хэн юу хэлэв  

Уулзалтыг нээж, Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд үг хэлэв. Тэрбээр Украины энх тайвны асуудлыг Оросын оролцоогүй ярих утгагүй хэмээн мэдэгдээд энэхүү уулзалтаар тус үйл явцад Оросыг хэрхэн оролцуулах талаар хэлэлцэнэ хэмээн онцолжээ. Мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэхийн тулд хоёр талын ашиг сонирхлыг авч үзэх, Бюргенштокт хийсэн анхны алхмыг үргэлжлүүлэх шаардлагатай гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлсэн үгэндээ Бюргенштокт Оросын төлөөлөгчид байхгүй байгааг дурдаад Москваг энх тайван тогтоох сонирхолгүй байгаад буруутгав. Тэрбээр оролцогчдод хандан, шударга энх тайван гэдэг үг ямар утгатай болохыг хамтдаа тодорхойлохыг уриалжээ. Зеленський хамтран боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөг Орост танилцуулсны дараа хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар цэргийн ажиллагааг төгсгөх талаар ярих боломжтой хэмээн онцолжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камал Харрис ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлсэн нөхцөлүүд яриа хэлэлцээ хийхийг уриалсан уриалга бус харин Украиныг өгөх уриалга хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Цагаан ордон Киевийг үргэлжлүүлэн дэмжинэ. Тэр дундаа Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, НҮБ-ын дүрмийн зарчим, Украины ард түмний хүсэл зориг дээр суурилсан шударга бөгөөд тогтвортой энх тайвныг тогтоохын төлөө ажиллана хэмээн мэдэгджээ. Украиныг дэмжих нь бидний стратегийн ашиг сонирхолд нийцэж байна хэмээн Камала Харрис онцолсон байна.

Германы канцлер Олаф Шольц Оросгүйгээр Украинд энх тайвныг тогтоох боломжгүй гэдэгтэй санал нэгдээд гэхдээ нухацтай яриа хэлэлцээ хийлгүйгээр гал зогсоох нь Оросын үйлдлийг хуульчилж, улмаар мөргөлдөөнийг царцаахад хүргэнэ. Энэ нь Украин ч тэр, Европт ч тэр аюултай гэв.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Украин дахь мөргөлдөөнийг царцаахын эсрэг байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлснээр, Украинд иж бүрэн, шударга бөгөөд тогтвортой энх тайван, Украины тусгаар байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээн тогтоох энх тайван хэрэгтэй. Сөргөлдөөний улмаас дэлхий дахинд эрчим хүч, хүнсний үнэ огцом өссөнийг сануулаад хүндрэл бэрхшээлээс айхгүй байхыг уриалав.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд хунтайж Фейсал бин Фархан Аль Сауд хэлсэн үгэндээ Украин дахь хямралыг энхийн замаар зохицуулах үйл явц Оросын оролцоог шаардаж байна гээд олон улсын хамтын нийгэмлэгт хандан хүндхэн буулт хийхийн шаардсан нухацтай яриа хэлэлцээ хийхэд чиглэсэн аливаа алхмыг дэмжихийг уриалжээ.

Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто Оросын Украинд явуулж байгаа ажиллагааг буруутгаад ОХУ нь хэлэлцээний ширээний ард суух ёстой хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр, Кени улс тус мөргөлдөөний эдийн засгийн үр дагаврыг амсаж байна. Мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээл дээрх бордооны үнэ огцом нэмэгдэж, нийлүүлэлтэд саад гарч байна. Гэсэн хэдий ч Оросын активыг дураар захиран зарцуулах нь хууль бус бөгөөд НҮБ-ын дүрэмтэй харшилж буйг Уильям Руто сануулжээ.

Финландын Ерөнхийлөгч Александр Стубб Швейцар дахь энэхүү уулзалт нь энх тайванд ойртох анхны алхам болох боломжтой. Украин улс энх тайван тогтоох үйл явцыг хүчний байр сууриас эхлүүлж байна гэж Стубб онцолжээ.

Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда нар Оросыг эзэнт гүрний бодлого явуулж буйд буруутгасан байна. Урт хугацаанд энх тайвныг тогтоох үйл явц ихээхэн хүчин чармайлт шаардаж, хүнд үйл явц байх болно хэмээн мэдэгдсэн байна.

Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель дэлхий дахин Оросоос яриа хэлэлцээ хийхийг шаардаж байна. Яриа хэлэлцээ нь зөвхөн НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйд нийцэх ёстой. Зөвхөн Украин хэзээ яриа хэлэлцээ хийхээ шийдэх эрхтэй хэмээн мэдэгджээ.

Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан хэлсэн үгэндээ мөргөлдөөн зөвхөн Орос, Украины хооронд болоогүй гэж мэдээгдээд цэргийн ажиллагааг зогсоохыг уриалав. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зургаадугаар сарын 14-нд тавьсан болзол нь чухал алхам бөгөөд ихээхэн найдвар төрүүлж байна. Энэхүү бага хурал нь нөхцөл байдлаас гарах сүүлчийн арга зам байж магадгүй. Оросын талын оролцоог хангаснаар энэхүү уулзалтыг үр дүнтэй болгох боломж байсан гэж Хакан Фидан сануулаад Анкара мөргөлдөөнийг зохицуулахын тулд идэвхтэй санаачилга гаргаж ирсэн бөгөөд цаашид ч гаргасаар байх болно гэв. Турк улс нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байна хэмээн илэрхийлжээ.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хэлсэн үгээр өндөрлөв. Тэрбээр илтгэлдээ энэхүү арга хэмжээний оролцогчид тогтвортой энх тайвныг хүсэж байна гээд гэхдээ энэ нь Украин бууж өгнө гэсэн үг биш хэмээн мэдэгджээ. “Бидний хэн нь ч Оросын эсрэг тулалдаагүй. Бид бүгд бат бөх энх тайвныг хүсэж байна” гээд энэхүү энхийн үйл явцад оролцож буй улс орнуудын хүрээг өргөжүүлэхийг уриалсан байна.

Энх тайвны санал

Швейцарын Бюргенштокт Украины энх тайвны асуудлаарх бага хурал эхлэхээс өмнөх өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энх тайван тогтоох шинэ санал дэвшүүлсэн билээ. Кремлийн тэргүүн яриа хэлэлцээ эхлүүлэхийн тулд Украин цэргээ Луганск, Донецк, Херсон, Запорож мужаас гаргах ёстой хэмээн мэдэгджээ. Киев энэхүү болзлыг хүлээн авбал цэргийн ажиллагааг даруй зогсооход бэлэн буйгаа В.Путин илэрхийлсэн. Тэрбээр мөн Киев НАТО-д элсэх төлөвлөгөөнөөс албан ёсоор татгалзах ёстой гээд Москвад Украины төвийг сахисан, блокт үл нэгдэх, цөмийн зэвсэггүй статус хэрэгтэй хэмээн онцолсон юм.

Володимир Зеленський түүний саналыг хүлээн авахаас шууд татгалзсан бол Вашингтон энэ хувилбарыг хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Хамтарсан мэдэгдэл гарах нь эргэлзээтэй

Дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр хамтарсан мэдэгдэл гарна гэсэн хүлээлттэй байгаа. Гэсэн хэдий ч оролцогчдын саналын зөрүүтэй байдлаас үүдэн баримт бичиг гарахгүй байх хувилбарыг мөн үгүйсгэхгүй байна.

Exit mobile version