Эдийн засаг

Нэг хүнд ногдох ДНБ 5875 долларт хүрч, цалин, тэтгэвэр нэмэгдэв

Нийтэлсэн

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 7 хувийн өсөлт үзүүлснээр ДНБ 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ 5875 ам.долларт хүрсэн нь түүхэн амжилт байв.

Засгийн газраас зарласан авлигатай тэмцэх Таван Ш ажиллагаа,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэм,  нүүрсний нээлттэй худалдаа, Оюутолгойн ордын Монголын талд ногдож ирсэн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт зэрэг нь эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэсэн төдийгүй Монгол Улсын валютын нөөцийг 5 тэрбум ам.долларт хүргэж чадсан.

Эдийн засгийн энэхүү өсөлтийг иргэн бүрт хүргэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж буй Монгол Улсын иргэн бүрт ногдол ашиг хуваарилсан бол төрийн албан хаагчид, ахмад настнуудын тэтгэвэр, тэгэмжийг нэмсэн юм. Тухайлбал, 2023 оны долдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэвэр хамгийн багадаа 10 хувиар нэмэгдсэн бол 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Дээрх арга хэмжээний дүнд бүрэн тэтгэвэр дундаж нь 685.6 мянган төгрөг байсан нь 785.6 мянган төгрөг болж нэмэгдсэн. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянга болж нэмэгдсэн юм.

Нийтдээ 499.2 мянган ахмадын тэтгэвэр өсөөд буй.

Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 2020 онд 84.5 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123.1 мянган төгрөг байсныг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөг болгосон. Энэхүү тэтгэмжийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувь нэмэгдүүлснээр 302.5 мянган төгрөг болж өссөн.  Тэтгэмжийн нэмэгдэлд 67.4 мянган хүн хамрагдаж буй.

Нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2020 онд 100 мянган төгрөгөөр, 2023 онд 12.8 хувиар тус  тус  нэмэгдүүлж  байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болсон. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2019 (174.0 мянган төгрөг) онтой  харьцуулахад 2.1 дахин нэмэгдээд байна.

Төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс инфляцтай уялдуулан нэмсэн. Ингэхдээ эмч, багш нарын үндсэн цалин 1 сая 273 мянган төгрөг байсан нь 1 сая 400 мянган төгрөг болж 10 хувиар нэмэгдсэн.

Аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин нь 20 хувиар нэмэгдэж 1 сая 680 мянган төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1 сая 960 мянган төгрөг болсон юм.

Аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтний үндсэн цалин нь 1 сая 100 мянган төгрөг байсныг 1 сая 210 мянган төгрөг болж 10 хувиар нэмэгдэв. Аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1 сая 452 мянган төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1 сая 694 мянган төгрөг болсон.

Төрийн байгууллагад үйлчлэгчээр ажилладаг албан хаагчийн үндсэн цалин 750 мянган төгрөг байсан нь  900 мянган төгрөг болж 20 хувиар нэмэгдсэн. Мөн аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1 сая 80 мянган төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1 сая 260 мянган төгрөг болоод байна.

Ард иргэдэд эдийн засгийн өр өгөөжийг хүргэх зам дардан байгаагүйг Ерөнхий сайд онцолж байсан удаатай. Учир нь, нүүрсний хулгайтай тэмцэхээс эхлээд олон хулгайг илчилж, хариуцлага хүлээлгэсэн нь нэг талдаа олон дайсантай ч болгосон гэж хэлж болно.

Exit mobile version