CRI Монгол радио

Ши Жиньпин, Касым-Жомарт Токаев нар сэтгүүлчидтэй уулзав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар долдугаар сарын 3-ны үдэд Хятад улсын дарга Ши Жиньпин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар Астана дахь ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийснийхээ дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ бол миний найрсаг хөрш Казахстанд хийж буй тав дахь айлчлал, 9 сарын дараа Ерөнхийлөгч Токаевтай дахин уулзаж байна. Саяхан Ерөнхийлөгч Токаевтай найрсаг, баялаг үр дүнтэй хэлэлцээ хийж, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрлээ. Хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааны гол чиглэлийг хамтран төлөвлөх “БНХАУ болон Бүгд Найрамдах Казахстан Улсын хамтарсан мэдэгдэл”-д хамтаар гарын үсэг зурсан. Мөн эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн холболт, эрчим хүч, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэг зэрэг гол салбаруудыг хамарсан хоёр улсын засгийн газар, салбар хоорондын хамтын ажиллагааны олон баримт бичгүүдийг харилцан солилцоход байлцаж, Хятад, Казахстаны харилцааны өндөр чанартай хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэлээ гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Казахстаны харилцаа олон мянган жилийн турш үргэлжилсэн эртний Торгоны замаас улбаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, үеийн үе найрсаг байж, өндөр түвшинд харилцан итгэлцсэн, жаргал зовлонгоо хамтатгасан хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл баримталж ирсэн юм. Ирээдүйд, хоёр орон уламжлалт найрамдал, бүх талын хамтын ажиллагаагаа өвлөн уламжилж хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Бид “Бүс ба Зам”-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, илүү шинэ үр дүнд хүргэх болно. Хоёр орон хоёр талын худалдааны хэмжээг эртхэн хоёр дахин нэмэгдүүлэх шинэ зорилт дэвшүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцийн холболт, эрчим хүч зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны замын зураг төлөвлөгөөг хэрэгжүүлж, тэнгис дамнасан олон улсын тээврийн зам, Хятад Казахстаны хил дамнасан гурав дахь төмөр замын бүтээн байгуулалтыг түргэвчлэн ахиулж байна. Хоёр тал бас уул уурхай, шинэ эрчим хүч, технологийн инноваци, сансар судлал, дижитал эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгож, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад тус дэмжлэг үзүүлэх болно.

Хятад улс Казахстаныг БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд нэгдэж, олон улсын тавцанд “дунд зэрэглэлийн хүчирхэг гүрэн”-ий үүрэг гүйцэтгэж, дэлхийн засаглалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг дэмжиж байна. Хятад, Казахстан хоёр орон бол ШХАБ-ыг үүсгэн байгуулагч орон бөгөөд Казахстан улс ШХАБ-ын ээлжит даргаар ажиллаж байх хугацаанд бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулж, тус байгууллагын хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Маргааш болох Астанагийн дээд хэмжээний уулзалт бүрэн дүүрэн амжилттай болж, тус байгууллагын хөгжлийг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна гэж Ши Жиньпин онцоллоо.

Касым-Жомарт Токаев хэлэхдээ, Ши Жиньпин даргын айлчлал онцгой түүхэн ач холбогдолтой юм. Энэ нь хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шинэ эхлэл болно. Хятад улс бол Казахстаны найрсаг хөрш, иж бүрэн стратегийн мөнхийн түнш юм. Хятад улс бол Казахстаны хамгийн том худалдааны түнш, хамгийн чухал хөрөнгө оруулагч орон. Хятадын аж ахуйн нэгжийн Казахстан дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа Казахстаны үндэсний хөгжлийг үр дүнтэй ахиулж байна. Манай улс Хятад улстай бүх талын найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, Хятадын олон компани Казахстанд хөрөнгө оруулахыг сайшааж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай бүх таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Мөн Хятад-Төв Ази, ШХАБ, НҮБ зэрэг олон талт хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Exit mobile version