CRI Монгол радио

Ши Жиньпин, Антонио Гутерриш нар уулзав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар долдугаар сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, эдүгээ дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлт, хүн төрөлхтөнд урьд өмнө хэзээ ч байгаагүй боломж, сорилттой тулгарч байна. НҮБ бол олон талт үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, дэлхийн засаглалыг дэмжих чухал платформ юм. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс олон талт үзлийг баримталж, НҮБ-ын олон улсын үйл хэрэгт үзүүлэх үүргийг дэмжиж ажиллах болно.

Тэрээр хэлэхдээ, дэлхийн улс орнууд бол зовлон жаргалаа хамтатгасан хувь заяаны нэгдмэл цогц юм. Хятад улс НҮБ-ын ирээдүйн дээд хэмжээний уулзалтыг дэмжиж ажиллах бөгөөд дээд хэмжээний уулзалт нь олон талт үзлийг баримталж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн засаглалын хөгжлийг илүү шударга, зөв чиглэлээр ахиулахад эерэг дохио өгнө гэдэгт найдаж байна. Олон улсын санхүүгийн бүтцийн шинэчлэл, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын шинэчлэлийг ахиулах талаар НҮБ-ын тэргүүлэх үүрэг гүйцэтгэлийг Хятад улс дэмжиж ажиллах байна.

Антонио Гутерриш хэлэхдээ, өнөөгийн олон улсын дэг журам, ялангуяа олон улсын санхүүгийн механизмыг олон улсын нөхцөл байдлын хөгжил, өөрчлөлтөд зохицуулан шинэчлэх шаардлагатай байна. НҮБ олон улсын санхүүгийн бүтэц, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын зохицуулалтыг ахиулж, дэлхийн засаглалыг илүү шударга, үндэслэлтэй болгож, хөгжиж буй орнуудыг хамтын хөгжилд хүрэхэд нь илүү тустай ажил хийхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргахад бэлэн байна. НҮБ-ын үйл хэргийг дэмжиж, олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн Хятад улсад баярлалаа. Хүн төрөлхтний ирээдүй Хятадаас ихээхэн хамааралтай. Хятад улстай хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг НҮБ хүсэж байна гэжээ.

Exit mobile version