Эдийн засаг

ОХУ-ын зах зээлд АИ-95 төрлийн бензиний хомсдол бий болжээ

Нийтэлсэн

Оросын түлш шатахууны зах зээлд АИ-95 төрлийн бензиний ноцтой хомсдол үүссэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Украины талаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд удаа дараа довтолж буйтай энэ хомсдол холбоотой юм байна.

Үүний улмаас Оросын түлш шатахуун үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрчээ.

Долдугаар сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн Баасан гарагт Санкт-Петербургийн түүхий эдийн бирж дээр “Премиум 95” бензин тонн тутам нь 73,605 рублиэр арилжаалагдаж байв.

Зуны улирал эхэлснээс хойш 44 хувиар буюу 22.5 мянган рублиэр өссөн нь энэ юм байна.

Удахгүй газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн намрын засвар үйлчилгээ эхлэхэд нөхцөл байдал бүр муудах талаар арилжаа эрхлэгчид анхааруулжээ.

Энэ оны зургаадугаар сард Оросын нийт газрын тос боловсруулах хүчин чадлын 15.5 хувь ажиллаагүй зогссон нь тавдугаар сарынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт болсныг Ройтерс тооцоолсон байна.

Тавдугаар сарын сүүлээр ОХУ-ын эрчим хүчний яам долоо хоног тутмын үйлдвэрлэлийн тоо баримтаа нийтэд танилцуулахыг зогсоосон юм.

Үүнийгээ “геополитикийн нөхцөл байдалтай холбоотой”, “зах зээлээ манипуляцаас хамгаалах зорилготой” гэж тайлбарлаж байжээ.

Өнгөрсөн хугацаанд АИ-92 бензиний үнэ ханш ч мөн өссөн байна.

Тухайлбал зургаадугаар сарын эхнээс хойш 23 хувиар өсөж, АИ-92 ба АИ-95 бензиний тонн тутмын үнийн зөрүү түүхэндээ анх удаа 15,000 рублиэс давжээ.

Эрх баригчид ч бензин шатахууны хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрч байна.

Долдугаар сарын 16-ны өдөр Кавказын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр ОХУ-ын засгийн газрын шадар сайд Александр Новак “АИ-95 бензинтэй холбоотой нөхцөл байдал маш хүнд байна” гэж ярьжээ.

Намрын ургац хураалтын үеэр түлш шатахууны хомсдолд орсон өнгөрсөн оны алдаагаа давтахгүйн тулд эрх баригчид есдүгээр сараас эхлэн бензиний экспортыг хориглож болзошгүй байна.

Нөгөө талаар АИ-95 бензиний хомсдолд Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хориг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээ, өргөтгөлд саад учруулсан нь нөлөөлж байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version