CRI Монгол радио

Хятад, Итали яагаад “Торгоны замын үзэл баримтлал”-ыг чухалд үздэг вэ?

Нийтэлсэн

Хятад улс болон барууны орнуудын солилцооны түүхэнд, Итали улс маш онцгой үүрэг гүйцэтгэдэг. Түүхэнд эртний Торгоны зам энэ хоёр эртний соёл иргэншилт орныг холбосон юм. Одоогоос 700 гаруй жилийн өмнө аялагч Марко Поло Хятадад аялснаар, барууны ертөнцөд Хятадыг ойлгох цонх нээж өгсөн. Үүний улмаар түүний түүх Хятадад алдартай бөгөөд найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон юм.

Энэ онд Хятад Итали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Саяхан Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадад хийх анхны айлчлалаа эхлүүлсэн байна. Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 29-нд Бээжинд түүнтэй уулзав. Хоёр орны удирдагчид хоёулаа “Торгоны замын үзэл баримтлал”-г дурдлаа. Ши Жиньпин хэлэхдээ, энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй байх, харилцан суралцах, харилцан ашигтай, хамтдаа хожихоор гол болгосон Торгоны замын үзэл баримтлал бол Хятад, Италийн хамтын баялаг юм гэжээ. Өнө удаан жилийн түүхтэй болсон Торгоны замын үзэл баримтлалыг өвлөн уламжилж, Итали, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хуудас нээх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд Мелони илэрхийлэв.

Тэгвэл “Торгоны замын үзэл баримтлал”-ыг хоёр орны удирдагчид яагаад өндрөөр үнэлдэг вэ? энэ нь Хятад, Италийн ард түмний хамтын түүхэн дурсамж, соёлын хэлхээ холбоо төдийгүй тэр нь энх тайван, нээлттэй, хамтын ажиллагааны үзэл баримтлалыг агуулж, Хятад, Италийн солилцооны замналын шинж чанарыг тусгасан байдгаараа хөгжлийн чиг хандлагад нийцэж, цаг үеийн үнэ цэнээ хадгалж ирсэнд байгаа юм.

Ерөнхий сайд Мелони Хятадад айлчлахын өмнө Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал саяхан өндөрлөснийг гадаадынхан анзаарч байгаа. Бүгд хурлаар өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх төлөвлөгөөг боловсруулж, гадаадад нээлттэй байдлаа улам өргөжүүлэх тодорхой дохиог өглөө. Шинэ нөхцөл байдалд Хятад, Италийн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ? хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг ахиулж, технологийн шинэчлэл, цахилгаан автомашин, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбарын хамтын ажиллагаагаа ахиулахаар хоёр орны удирдагчид тохиролцоонд хүрсэн байна. Италийн компаниудыг Хятадад хөрөнгө оруулахыг сайшааж, Италийн өндөр чанартай бүтээгдэхүүн импортлоход Хятад улс бэлэн байна, Итали улс ч Хятадын аж ахуйн нэгжүүдийг Италид ажил төрөл явуулахад нь шударга, ил тод, аюулгүй, үл ялгаварлан гадуурхсан бизнесийн орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна.

Аж үйлдвэр, боловсрол, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны баримт бичигт хамтдаа гарын үсэг зурахаас эхлээд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нийтлэх хүртэл олон чухал зөвшилцөл, ололт амжилтад хүрсэн нь Хятад, Италийн харилцааны хөгжилд шинэ түлхэц өгсөн төдийгүй Хятад, Европын холбооны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг сайжруулахад тусалсан байна. Энэ нь “Хятад, Италийн хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсон” гэдгийг харуулж байна гэж барууны хэвлэлүүд тайлбарладаг. Хятад Италийн Худалдааны танхимын дарга Луо Рэньжөү хэлэхдээ, Италийн аж ахуйн нэгжүүд Хятадын тогтвортой хөгжил, дээд технологи, дижитал зэрэг салбарт авчирсан боломжийг ашиглаж, Хятадын зах зээлд нэвтэрч, хөгжлийн боломжоо хуваалцах ёстой гэжээ.

Эртний Торгоны замаас эхлээд “Марко Пологийн аялал” хүртэл Хятад, Италийн солилцооны үнэ цэнэтэй түүхүүд өнөөг хүртэл яригдсаар байна. Энэ онд хоёр орон Марко Пологийн таалал төгссөний 700 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг хамтран зохион байгуулна. Итали улс 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулахыг Хятад улс дэмжиж байна. Эдгээр арга хэмжээ нь хоёр орны соёл иргэншлийн харилцан суралцахад тус дөхөм үзүүлж, хоёр орны ард түмнийг улам ойртуулах нь дамжиггүй юм.

Одоогоор олон улсын нөхцөл байдал өөрчлөлт ихтэй байгаа хэдий ч Хятад, Италийн харилцааны хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй, Хятад Италийн хамтын ажиллагааны мөн чанар өөрчлөгдөхгүй, хоёр ард түмний найрамдал өөрчлөгдөхгүй. Энэ нь Хятад Италийн харилцааг тууштай хөгжүүлэх гэсэн Хятад улсын чин үнэнч хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна. “Торгоны замын үзэл баримтлал”-ыг тууштай баримталж, шинэ эриний утга учрыг улам баяжуулж, Хятад Италийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, Европ цаашлаад дэлхий дахинд ашиг тусаа өгөх болно.

Exit mobile version