Дэлхий

Эхний ээлжийн F-16 сөнөөгч онгоцнууд Украинд иржээ

Нийтэлсэн

Киевийн эрх баригчдын удаан хүлээсэн F-16 сөнөөгч онгоцнуудын эхний хэсэг Украинд ирснийг АНУ-ын албаныхан болон Литва улсын гадаад хэргийн сайд өчигдөр баталжээ.

Дайтах чадвар сайтай, дэлхий дахинд түгээмэл ашиглагддаг үндэслэлээр Украинчууд АНУ-ын Lockheed Martin компанийн энэ бүтээгдэхүүнийг авахыг эртнээс хүсэж байсан юм.

Уг онгоц 20 мм-ийн их буугаар тоноглогдсоноос гадна бөмбөг, пуужин тээвэрлэх чадвартай.

“F-16 онгоцнууд Украинд ирсэн. Боломжгүй гэж бодож байсан бас нэг зүйл боломжтой боллоо” гэж Литва улсын гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбэргис өчигдөр Х хуудсандаа бичжээ.

АНУ-ын нэрээ нууцалсан албаны эх сурвалж бас эхний ээлжийн сөнөөгч онгоцнуудыг Украинд шилжүүлэх ажил хэрэгжиж дууссаныг мэдээлсэн байна.

Киевийн эрх баригчид Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхлээд удаагүй байхад F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхийг Өрнөдийн холбоотнуудаасаа хүсэж байсан юм.

Гэвч Украиныг орчин үеийн зэвсгээр хэт хангавал мөргөлдөөн хяналтаас гарч болзошгүй гэж болгоомжилсон АНУ-ын засаг захиргаа үүнд хойрго хандаж байлаа.

Эцэст нь 2023 оны наймдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден F-16 онгоцнуудыг Украинд илгээхийг зөвшөөрсөн юм.

Өнгөрсөн хугацаанд Бельги, Дани, Нидерланд, Норвеги зэрэг НАТО-гийн гишүүн орнууд нийтдээ 60 гаруй ийм загварын онгоц нийлүүлэхээ амлаад байгаа.

Энэ хугацаанд бас Украины нисгэгчдийг F-16 онгоц дээр сургах, дадлагажуулах ажил хэрэгжсэн юм.

Украины зэвсэгт хүчинд Оросын агаарын хүчийг саармагжуулахын тулд хамгийн цөөндөө 130 ширхэг F-16 шаардлагатай гэж Киевийн албаныхан үзэж байгаа.

F-16 сөнөөгч онгоц нь дууны хурднаас хоёр дахин өндөр хурдаар 3,200 км хүртэл зайд нисдэг юм.

 

Эх сурвалж: Aljazeera

Exit mobile version