Дэлхий

Хамасын удирдагчийг урт хугацааны өмнө урьдчилж байрлуулсан тэсрэх бөмбөгөөр устгасан гэнэ

Нийтэлсэн

Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Тегеранд очоод байсан Палестины Хамас зэвсэгт байгууллагын дээд удирдагч Исмаил Хания саяхан аллагад өртсөн билээ.

Хэдийгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч уг аллагыг Израилийн тусгай албад зохион байгуулсан нь тодорхой байгаа.

Израилийн тал аллагыг гүйцэтгэснийхээ дараа л өөрийн гол холбоотон АНУ-ын албаныханд мэдээлэл өгсөн байна.

Энэ мэдээллийн талаар АНУ-ын засаг захиргааны эх сурвалж Нью-Йорк Таймс сонинд ярьжээ.

Израилийн тусгай алба өмнө нь Ханиягийн Тегеранд ирэхдээ буудаг байсан байранд хоёр сар орчмын өмнө нууцаар тэсрэх бөмбөг байрлуулсан юм байна.

Ингээд Ханияг хамгийн сүүлд ирж байрлахад нь алсын зайнаас бөмбөгийг дэлбэлжээ.

Ираны хэвлэлүүд болон Хамасын эх сурвалж өмнө нь орон сууцны гаднаас харвасан пуужин Ханиягийн амийг хөнөөсөн гэж мэдээлж байв.

Тэгвэл Ираны хувьсгалт гвардын өндөржүүлсэн хамгаалалтад байдаг байранд тэсрэх бөмбөг гаднаас оруулж чадсан нь дээрх мэдээллээр батлагдаж байна.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени “Манай хүндтэй зочныг, манай гэрт алсан этгээдүүд хатуу шийтгэл амсах болно” гэж Лхагва гарагт мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: CNN

Exit mobile version