Дэлхий

Францын эрх баригчид Телеграмын үүсгэн байгуулагч Павел Дуровыг баривчилжээ

Нийтэлсэн

Телеграм мессенжэрийн аппликэйшнийг үүсгэн байгуулагч, Оросын уугуул тэрбумтан Павел Дуровыг өчигдөр Францын эрх баригчид баривчилжээ.

39 настай бизнесмэнийг Бямба гарагийн орой Азербайжанаас Парисын ойролцоох Ле Бургет нисэх буудалд хувийн онгоцоороо ирэхэд нь цагдаа нар баривчилсан байна.

Францын тал Дуровыг ямар үндэслэлээр баривчилснаа албан ёсоор мэдэгдээгүй байна.

Дуров нь 2021 онд Францын иргэн болсон бөгөөд бас Арабын Нэгдсэн Эмират Улсын давхар иргэний харьяалалтай юм.

“Телеграм нь Европын Холбооны хууль дүрмийг, тэр дундаа Дижитал Үйлчилгээний хуулийг дагаж, үйлчилгээгээ салбарын зохицуулалтын стандарт нийцүүлэн байнга сайжруулж байгаа. Гүйцэтгэх захирал Павел Дуровт нуух зүйл байхгүй, тэр Европоор байнга зорчдог. Платформын эзэмшигч нь уг платформыг буруу зорилгоор ашигласан тохиолдолд хариуцлага хүлээх утгагүй юм” гэж Телеграм компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Францын цагдаагийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба,  зохион байгуулалттай гэмт хэргээр мэргэшсэн мөрдөгчид уг хэрэг дээр ажиллаж байгаа гэнэ.

Телеграм компани одоо Дубай хотод бүртгэлтэй байдаг. Дуров өмнө нь Оросын Вконтакте сошиал платформыг үүсгэн байгуулсан ч сөрөг хүчний дуу хоолойг хориглох Оросын эрх баригчдын дарамт шахалтаас зугтан 2014 онд эх орноосоо дүрвэж байжээ.

Сүүлд тэр Вконтакте дахь өөрийн эзэмшлийг зарсан юм.

Дуров үүнтэй зэрэгцэн хүмүүс хоорондын мэдээллийг дундаас нь задруулах боломжгүй бүрэн кодлогдсон аппликэйшн бүтээсэн нь Телеграм байлаа.

Түүний дүү Николай мессэжийг кодлох аргыг боловсруулж байжээ.

Одоо Телеграм платформ нэг тэрбум орчим хэрэглэгчтэй бөгөөд Орос, Украин, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад голдуу хэрэглэгддэг.

Телеграмыг Facebook, YouTube, WhatsApp, Instagram, TikTok, WeChat-ийн дараа орох томоохон сошиал платформ гэж үздэг юм.

Форбс сэтгүүл Дуровын хөрөнгийн хэмжээг $15.5 тэрбум гэж тооцоолж байжээ.

Украины дайн эхэлсний дараа Телеграм нь дайтагч талуудын шүүлтүүргүй мэдээлэл түгээдэг гол платформ болсон юм.

Хэдийгээр Францын иргэн болсон ч Дуровтой холбогдох хүсэлтээ ОХУ-ын гадаад хэргийн яам Парисын эрх баригчдад хүргүүлжээ.

Оросын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев түүнийг Оросоос зугтахдаа буруу тооцоолсон хэмээн шүүмжлээд гадаадын нууц албадтай хамтран ажиллахгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Медведев өөрөө Телеграмын идэвхтэй хэрэглэгч юм.

“Тэр буруу тооцоолсон. Бидний нийтлэг дайсны хувьд тэр бол Орос хүн. Тиймээс урьдчилан таамаглах аргагүй, аюултай” гэж тэр Дуровын гаргасан алдааны талаар хэлжээ.

Дуровыг баривчлагдсан тухай мэдээ тарсны дараа Х платформын эзэн Илон Маск “2030 оны Европт мэм дээр лайк дарсны төлөө цаазлуулдаг болоход гайхах юм алга” гэж бичээд Францын эрх баригчид үг хэлэх эрх чөлөөнд аюул учруулж буйг анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version