Улс төр

УИХ-ын гишүүд Дээд шүүхийн нэр дэвшигч Э.Золзаяагаас асуулт асуув

Нийтэлсэн

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы баасан гарагийн (2024.08.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа. Улсын Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа нэр дэвшигчийн товч намтар, хуульд заасан шалгуур хангасан байдлын талаар дэлгэрэнгүй дурдсан юм.

Нэр дэвшигч Э.Золзаяа 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1978-1988 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо Нийтийн ахуй үйлчилгээний улсын академид суралцан инженер мэргэжил эзэмшиж, 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжил, бакалавр зэрэг, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр, 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн тамгын газарт Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллажээ.

Төрийн албанд 24 жил, долоон сар, шүүгчээр 19 жил, есөн сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил, зургаан сар ажилласан тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 54.54 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 22.17 оноо авч хяналтын шатын шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, сүүлийн зургаан жил улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг зохих шаардлагыг хангасан байна.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс шүүхийн нэр хүнд унасныг хэрхэн сайжруулах, иргэд шүүх шударга шүүж буй эсэхэд итгэхгүй байгаатай хүлээн зөвшөөрөх, эсэх, шүүхийн хонгилын эсрэг, шүүгчийн сахилга батыг сайжруулах чиглэлд ямар ажлууд хийх талаар асуув.

Э.Золзаяаг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох захирамжийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргана.

Exit mobile version