Дэлхий

Украин “ялалтын төлөвлөгөө”-гөө АНУ-д танилцуулна

Нийтэлсэн

Өчигдөр буюу Мягмар гарагт Киев хотод болсон хурлын үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх сард “ялалтын төлөвлөгөө”-гөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд танилцуулахаар бэлдэж байгаагаа мэдэгджээ.

Өнөөдөр Украины арми ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт явуулж буй байлдааны ажиллагаа нь уг төлөвлөгөөний нэг хэсэг болохыг тэр тайлбарласан байна.

Ялалт байгуулж чадах эсэх нь ерөнхийлөгч Жо Байден болон АНУ-ын засаг захиргаа “төлөвлөгөөнд тусгагдсан зүйлсийг Украинд өгөх үү, төлөвлөгөөгөө чөлөөтэй хэрэгжүүлэх боломж олгох уу” гэдгээс шалтгаалахыг Зеленский бас хэлжээ.

“Зарим хүмүүст хэтэрхий амбицтай мэт санагдах ч энэ бол бидний хувьд маш чухал төлөвлөгөө юм” гэж тэр хэлээд төлөвлөгөөгөө бас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис, Дональд Трамп нарт танилцуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 6-ны өдөр Украины цэргүүд Курск мужийн нутаг дэвсгэрт довтлон орсон бөгөөд одоогоор Оросын зэвсэгт хүчин тэднийг хилээр буцаан гаргаж чадахгүй байгаа.

Өчигдрийн арга хэмжээнд оролцсон Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Олександр Сирський цэргүүд нь сүүлийн байдлаар Оросын 1,294 км.кв газар нутаг, 100 орчим суурин газрыг хянаж байгааг мэдээлжээ.

Генерал Сирський энэхүү ажиллагаа нь Оросын газар нутгийг эзлэх зорилгогүй, харин Украины дорнод фронтоос Оросын цэргийн хүчийг гэдрэг татуулах зорилготойг энэ үеэр тайлбарласан байна.

Одоо Оросын цэрэг Донецк мужийн стратегийн чухал ач холбогдолтой хот болох Покровскийн чиглэлд давшиж байгаа юм.

Саяхан Украин улс өөрийн дотоодод үйлдвэрлэсэн анхны баллистик пуужинг амжилттай туршсан тухай Зеленский өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр батлан хамгаалах салбарынхандаа баяр хүргэсэн ч шинэ зэвсгийн талаар дэлгэрүүлж яриагүй юм.

Одоогоор Украины зэвсэгт хүчин АНУ-аас нийлүүлсэн зарим төрлийн баллистик пуужинг Оросын эсрэг хязгаарлагдмал хүрээнд ашиглаж байгаа.

Үүнтэй зэрэгцэн Өрнөдийн зэвсгийн нийлүүлэлтээс хамаарлаа багасгах зорилгоор дотооддоо баллистик пуужин зохион бүтээж байсан юм.

Өчигдөр Зеленский бас Өрнөдийн орнуудын илгээсэн F-16 сөнөөгч онгоцнуудыг Оросын агаарын цохилтоос хамгаалахад хэрэглэж эхэлснийг дуулгажээ. Гэхдээ онгоцны тоог цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг онцолсон байна. Өрнөдийн холбоотнуудын өгөхөөр амласан онгоцны эхний хэсэг Украинд ирээд байгаа юм.

Даваа гарагт Оросын талаас Украины эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн томоохон агаарын довтолгоо явуулсан билээ.

Уг довтолгоо нь Москвагийн эрх баригчид дайныг зогсоох төлөвлөгөөгүй байгааг харуулсныг Зеленский хэлжээ.

“Дайныг зогсоохыг хүсэж байгаа бол тэд 230 зэвсгээр довтлохгүй байх байсан” гэж тэр хэлсэн юм.

Энхийн яриа хэлэлцээ санаачлах боломжийн талаар өчигдөр сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Одоохондоо энэ сэдэв ач холбогдлоо алдаад байна” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version