Эдийн засаг
Европын Холбоо худалдааны хямралыг даван гарчээ
Европын Холбооны худалдаа нь аажмаар сэргэж байна. Европын статистикийн агентлагийн мэдээллээр, 2024 оны хоёрдугаар улиралд ЕХ-ны худалдааны тэнцвэр 40.4 тэрбум еврогийн ашигтай гарснаар дөрвөн улирал дараалан эерэг үзүүлэлттэй гарч байна.
2022 оны гуравдугаар улиралд ЕХ-ны худалдааны тэнцвэр 155 тэрбум еврогийн алдагдалтай гарч байсан нь эрчим хүчний эх үүсвэрийн үнэ дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотой. Тухайн үед эрчим хүчний салбарын алдагдал 193.8 тэрбум еврод хүрч байлаа. Үүнээс хойш 2023 оны гуравдугаар улиралд ЕХ-ны худалдааны тэнцвэр анх удаа 18 тэрбум еврогийн ашигтай гарчээ. Оросын эрчим хүчний эх үүсвэрийг орлож, АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Бразилд хийх экспортоо нэмэгдүүлсэн нь худалдааны тэнцвэр ашигтай гарахад нөлөөлжээ.