CRI Монгол радио

Хятад-Монголын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх айлчлал

Нийтэлсэн

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Энэ удаагийн айлчлал нь БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Хятад-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой болон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Хөрш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань Монголд айлчилж байсан билээ.

Айлчлалын хүрээнд Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар албан ёсны хэлэлцээ хийж, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох юм.

Хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтын удирдамжийг дагаж, найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Хятад-Монголын харилцааг тогтвортой ахиулахын тулд Хятад улс Монголын талтай хамтран ажиллахад хэзээд бэлэн байдаг болохыг Хань Жөний айлчлалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийхдээ БНХАУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдсэн билээ.

Монгол Улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс орнуудын нэг бөгөөд өнгөрсөн 75 жилийн хугацаанд хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ улам бүр бэхжүүлж, худалдаа, эдийн засгаас эхлээд янз бүрийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа гүнзгийрсээр ирсэн.

Хятад болон Монгол бол уул усаар холбогдсон, жаргал зовлонгоо хуваалцдаг “сайн хөрш, сайн түншүүд” гэж Хятадын тал үнэлдэг бол Монголын тал Хятадыг “мөнхийн хөрш” хэмээн өргөмжилж, Хятад улстай харилцаагаа бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг ямагт онцлон тэмдэглэсээр ирсэн.  Цар тахлын хүнд үеийг ч хоёр улс эв санаагаараа нэгдмэл байж, бие биедээ харилцан туслалцах замаар давсан нь дэлхий дахинд хөрш орнуудын харилцаа, хамтын ажиллагааны “тод үлгэр жишээ” болж үлдсэн нь саяхан.

Хятад улсын “Бүс ба Зам”, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” болон “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга” зэрэг дэлхийн хэмжээний томоохон санаачилгуудыг Монголын тал дэмжиж, эдгээрийн хүрээнд хамтран ажиллахад хэзээд бэлэн болохоо ч илэрхийлсээр ирсэн.

БНХАУ нь Монголын экспортын гол зах зээл, импортын гол нийлүүлэгчийн байр сууриа сүүлийн 20 гаруй жил хадгалж байна. Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд Монгол-Хятадын худалдааны хэмжээ өмнөх оныхоос даруй 30 гаруй хувиар өсөн 17.6 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ юм.

Өдгөө хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд ойрын жилүүдэд худалдааны хэмжээгээ 20 тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж байна.

Хань Жөн нь энэ оны зургаадугаар сард болсон парламентын ээлжит сонгуулийн дүнд Монгол Улс хамтарсан засгийн газар байгуулснаас хойш Монголд Хятадын талаас айлчилж буй хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Түүний энэ айлчлал нь Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр зузаатган бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэх чухал ач холбогдол бүхий айлчлал болох нь дамжиггүй.

Г.Солонго

Exit mobile version