Дэлхий
Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдлоо
Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт одоогоос 5 сарын өмнө явагдсан юм. Тэгвэл энэхүү маргаантай сонгуулийн дүн саяхан л гарч, Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдоод байна.
Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн 9 дүгээр сарын 28-нд явагдсан. Энэ сонгуулийн дүн мэдээ албан ёсоор 11 дүгээр сард гарах ёстой байсан юм. Гэвч саналын хуудсыг тоолох ажил будлиантай явагдсан гэж үзсэн учраас дахин тооллого явуулсан байна.
Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсноос хойш 5 сарын дараа Афганистаны сонгуулийн хороо дүн мэдээг албан ёсоор зарлажээ. Мягмар гарагт өгсөн мэдээллээр ерөнхийлөгч Ашраф Гани 50.64 хувийн саналыг авч, 50 хувийн босгыг давж чадсанаар ялагч боллоо. Харин түүний гол өрсөлдөгч Гадаад Хэргийн сайд асан Абдулла Абдулла 39.52 хувийн саналыг авсан юм.
Сонирхуулахад, 2014 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Ашраф Гани болон Абдулла Абдулла нар мөн л хоорондоо өрсөлдөж, Гани ялалт байгуулж байсан бол энэ удаагийн сонгуулиар адил үйл явдал тохиож байна.