Зөвлөгөө

Хүний биеийн халуун хэд байдаг вэ

Нийтэлсэн

Аливаа хүний бие тогтмол халуунтай байдаг. Биеийн халуун гадна талд болон дотор эрхтэнд харилцан адилгүй буюу дотор халуун арай их байна. Гэхдээ эрхтэн тус бүрт харилцан адилгүй. Цусны эргэлт хурдан явагддаг эрхтэн харьцангуй бага халуунтай, зарим нь хүйтэн талдаа байдаг бол биохимийн урвал эрчимтэй явагддаг эрхтэн илүү халуун. Тухайлбал, элэг хамгийн өндөр буюу 38 хэм хүртэл халуун ялгаруулна.

Гадна арьсан дээрх халуун ч гэсэн байрлал бүрт харилцан адилгүй. Гэхдээ биеийн халууны дээд хэмжээг 36-36.5 гэж үздэг. Харин хамрын үзүүр, чихний омог, өгзөг зэрэг газрууд байнга хүйтэвтэр байдаг нь судасны багц олноороо төвлөрч байдагтай холбоотой. Хүмүүс үүнийг мэддэг тул гараа халуун юманд хайрсан хүн юуны түрүүнд чихээ барьдаг нь ийм учиртай. Тэрчлэн эрэгтэй хүний хуухнаг, хоёр төмсөг байнга хүйтэн байдаг нь төмсгөн дотор боловсрох үрийн шингэнийг хадгалах, хөргөгчийн үүрэг гүйцэтгэдэг болоод тэр.

Хүний биеийн халуун аливаа өвчин эмгэгийн, тэр дотроо үрэвслийн үед нэмэгддэг нь цусны цагаан цогцос, гаднаас орсон нян болон вирустэй тэмцэлдсэний үр дүн гэж ойлгож болно. Биеийн хүчний ажил, дасгал хийхээр хүн хөлөрч, халууцдагтай адилтгаж болох юм. Халуурсан нь хамгийн түрүүнд тод мэдрэгдэх газрууд бол суга, хүзүү, цавь зэрэг нимгэн арьстай газрууд, амны хөндий, шулуун гэдэс байдаг тул эдгээр газруудад халууны шил хавчуулан үздэг. Халууны шилгүй тохиолдолд ялангуяа хүүхдийн дух, хацарт алгаараа дарах буюу хацраа нааж үздэг. Халуурсан үед хүйтэвтэр байдаг газрууд халуун болдог. Гэхдээ халуурсан болгонд эм тариа хэрэглэн буулгах нь тийм ч оновчтой арга биш. Биеийн эсэргүүцэл сайн байгаагийн илрэл учир харзнах нь зүйтэй.

Харин халуун 38.5-аас дээш гарвал буулгах шаардлагатай. Биеийн халуун байнга тогтмол хэмжээнд байх нь үгүй. Тухайлбал, их хүйтэн үед захын судаснууд нарийсах учир гар, хөлийн үзүүр, хацар, чих, хамар гээд бүгд хүйтэн болдог. Энэ үед хамгаалах бээлий, ороолт, чихэвч хэрэглэхгүй бол тэдгээр хэсэг амархан осгох, хөлдөх эрсдэлтэй. Ялангуяа чийглэг ихтэй газарт хасах хэм бага байлаа ч амархан хөлдөж, осгох талтай.

Захын эрхтнүүд хөлдөж, лавширсан тохиолдолд дотор эрхтнүүд улам эрчимтэй ажиллах тул дотор халуун эрс нэмэгдэж, хөлдөлтөө мэдрэхгүй болох төдийгүй улам халууцаж дотроосоо шатах гэдэг шүү дээ, гадуур хувцсаа тайлж хаях хүртлээ мэдрэл алддаг. Тиймээс хөлдсөн, осгосон хүнтэй болгоомжтой хандаж, аажмаар бүлээцүүлэх арга хэрэглэдэг нь санамсаргүй хэрэг биш.

Үүний эсрэгээр их халуурсан хүн ч гэсэн дэмийрч, солиорох нь бий. Хүн халуунаас илүү хүйтнийг харьцангуй удаан тэсдэг. Жишээ нь, биеийн халуун 42 хэмээс дээш гарвал амь насанд аюултай гэж үздэг. Ингэж өндөр халуурвал яаралтай халуун буулгах эм уулгахын зэрэгцээ биеийг спиртээр ороох, гар хөл, толгойд хүйтэн жин тавих, шингэн сайн уулгах зэргээр арга хэмжээ шуурхай авах хэрэгтэй.

Биеийн халуун нас, хүйсээс хамааран ялгаатай байх нь анзаарагдана. Тухайлбал, хүүхэд залуусын биеийн халуун өндөр байдаг бол өндөр настай, бие султай хүмүүс бага халуунтай байна. Архаг болон суурь өвчтэй хүмүүсийн дотроос цус багадалттай хүмүүсийн гар, хөлийн үзүүр гээд захын эрхтнүүд нь байнга хүйтэн байдаг учир амархан даарч бээрдэг.

Хүн унтаж байх үед биеийн халуун 0.5-1 хэмээр буурдаг. Халууны энэ хэлбэлзлийг ашиглан эмэгтэй хүний жирэмслэх өндөр магадлалтай өдрийг тогтоодог арга ч бий. Ерөнхийдөө биеийн дотор, гадна халуун оношийн чухал ач холбогдолтой төдийгүй өвчин эмгэг хурц, эсвэл архаг үедээ явааг ч тогтоох боломжтой. Хүний халууныг ихэнхдээ суганд үздэг бол хүүхдэд шулуун гэдсээр үзэх нь илүү сайн мэдрэгддэг. Зарим эцэг, эхчүүд халууны шилийг аманд нь зуулган үзэх нь бий. Энэ бол маш осолтой арга. Шилийг хага хазаж мөнгөн ус залгих, хордох аюултай.

Exit mobile version