Дэлхий
Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна гэв

Дэлхийн нөхцөл байдал нарийн төвөгтэй байгаа хэдий ч Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ын 16 дахь дээд хэмжээний уулзалтын хүрээнд мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, эмх замбараагүй, ээдрээтэй гадаад нөхцөл байдалд хоёр улсын худалдаа болон бусад салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, томоохон хэмжээний хамтарсан төслүүд тогтвортой хэрэгжиж байгаа ажээ. “ОХУ болон БНХАУ-ын эдийн засаг чанартай хөгжихөд дэмжлэг үзүүлэх үүднээс хоёр улсын эрх баригчид Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын “Нэг бүс – нэг зам” санаачилгыг Евроазийн эдийн засгийн холбооны үйл ажиллагаатай уялдуулан холбох ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй юм” гэж Хятадын удирдагч онцолсон байна. “Үүний зэрэгцээ ОХУ болон БНХАУ-ын эрх баригчид НҮБ төвтэй олон улсын тогтолцоог дэмжиж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хангахыг эрмэлзэж, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой” гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.