Дэлхий

Зөвлөлтийн үеийн дипломатчаас төрийн тэргүүн болсон К.Ж.Токаевын намтар

Нийтэлсэн

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад айлчилна. Түүний талаарх товч намтар, танилцуулгыг хүргэж байна.

Өдгөө 71 настай тэрбээр 2019 оноос хойш Казахстаны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй. Тус улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших хоёр дахь Ерөнхийлөгч нь Токаев юм.

Түүний аав Кемел Токаев нь хоёрдугаар дайнд оролцож байсан бөгөөд Казахстанд детектив жанрын зохиолын үндсийг тавьсан нэгэн гэдгээрээ алдартай. Харин түүний ээж багш мэргэжилтэй нэгэн юм.

Токаев 1980 онд Надежда Токаева хэмээх бүсгүйтэй гэрлэж дундаасаа нэг хүүтэй болж байсан ч хосууд 2020 онд салсан. Түүний гэргийн талаарх мэдээлэл тун ховор байдаг.

Казахстаны Ерөнхийлөгч олон улсын харилцааны тухай 10 ном бичсэн бөгөөд улс төрийн сэдэвтэй ном зохиол унших сонирхолтой аж. Түүнчлэн тэрбээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг нэгэн бөгөөд Казахстаны ширээний теннисний холбооны тэргүүнээр ажиллаж байсан.

УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ

Тэрбээр 1975 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд Зөвлөлт Холбоот Улсын Гадаад хэргийн яаманд анх ажилд орсон. Дараа нь 1985 оноос 1991 он хүртэл буюу ЗХУ задартал Бээжин дэх Зөвлөлтийн Элчин сайдын яаманд ажиллажээ.

1991 онд Казахстан улс тусгаар тогтнолоо зарласны дараа Токаев Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 онд Гадаад хэргийн сайд, 1999 онд Ерөнхий сайд, 2007 онд Парламентын дарга зэрэг өндөр албан тушаалуудыг тус тус хашиж байв.

2011 оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор томилогдон ажилласан.

2019 онд Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев бүрэн эрхээсээ татгалзаж, Токаевыг өөрийн залгамжлагчаар нэрлэсний дараа сонгууль явуулж, Токаев сонгогдон төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж эхэлсэн юм.

Токаевын Ерөнхийлөгчөөр ажилласан эхний хэдэн жил ерөнхийдөө шилжилтийн үед тооцогддог. Үндсэн хуулиар “Үндэстний удирдагч” хэмээн томилогдсон Назарбаев бодлого тодорхойлох гол албан тушаалуудыг хашиж байсан ч эдгээр эрх аажмаар Токаевт шилжсэн.

2022 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Токаев 81.3 хувийн санал авч, хоёр дахиа сонгогдон ажиллаж байна.

Түүний энэ удаагийн Монгол дахь төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Талууд 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Exit mobile version