Дэлхий

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Нийтэлсэн

-2023 оны байдлаар 76.7 сая ам.доллар байсан Монгол-Казахстаны хоорондох худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 123 сая ам.доллар болжээ-


МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ТАЛУУД 16 ЖИЛИЙН ӨМНӨ ЮУ ЯРИЛЦАЖ БАЙВ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улс/ БНКазУ/-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Энэ нь БНКазУ-ын Төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал гэдгийг хоёр тал онцолж буй. Хамгийн сүүлд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед 2008 оны наймдугаар сарын эхээр БНКазУ-ын Ерөнхийлөгч асан Нурсултан Абишевич Назарбаев төрийн айлчлал хийж хамтарсан мэдэгдэл гаргаж байв.

Уг хамтарсан мэдэгдлийн дотор хэд хэдэн гол санаа байдгийн заримаас дурдвал, Казахстаны тал цөмийн зэвсэггүй статусыг олон улсын эрх зүйн хувьд бататгахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа нотолж байв. Мөн Монгол Улс болон ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбоо, тээвэр зэрэг салбарт харилцан ажиллагааг идэвхжүүлэх сонирхлоо илэрхийлсэн байдаг. Казахстаны тал Монгол Улсад байгаа казах ард түмнийг анхааран халамжилж, угсаатны өвөрмөц ахуй байдал, хэл, соёл, уламжлалаа хадгалахад нь шаардлагатай нөхцөлөөр хангаж байдагт нь Монголын талд талархал илэрхийлээд. Монгол Улсын казах ард иргэдийг Монголын нийгмийн зохих бүрэлдэхүүн хэсэг хэвээр байлгах сонирхолтой байна гэдгийг мөн илэрхийлж байжээ. Аялал жуулчлал, цэрэг, батлан хамгаалах, соёлын өвийг харилцан судлах, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, археологийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлэх талаар мэдэгдэлд дурдаж байв.

Энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Мөн хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулах ажээ. Монгол Улс, БНКазУ-ын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

БНКазУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хүрээнд Монгол-Казахстан улсын бизнес уулзалт өчигдөр МҮХАҮТ-д болж, хоёр орны хооронд Ажил хэргийн албан ёсны зөвлөл байгуулж, гарын үсэг зурж, санамж бичиг солилцлоо. Ингэснээр Монгол-Казахстаны хоорондох бизнесийн хамтын ажиллагаа албажиж, байнгын механизм бүрдэж буйг уулзалтад оролцогчид тэмдэглэжээ. Ийм зөвлөл байгуулах саналыг анх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтаар Монгол, Казахстан хоёр орны Төрийн тэргүүн нар гаргаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, сайжруулах зорилгоор ажил хэрэг болгох чиглэлийг өгсөн аж. Энэ дагуу уг зөвлөлийг хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хариуцан ажиллахаар болж өчигдөр анхны хуралдаанаа хийгээд байна. Удахгүй Монголын талаас бизнесийн төлөөлөл Казахстанд хариу айлчилж, хамтын ажиллагааг газар дээр нь  албажуулж ажиллах ажээ. 2023 оны байдлаар 76.7 сая ам.доллар байсан Монгол-Казахстаны хоорондох худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 123 сая ам.доллар болсон байна.

 

КАСЫМ-ЖОМАРТ КЕМЕЛЕВИЧ ТОКАЕВ ГЭЖ ХЭН БЭ?

 

Өдгөө 71 настай Касым-Жомарт Кемелевич Токаев 2019 оноос Казахстаны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа бөгөөд  Казахстан тусгаар тогтнолоо зарласнаас хойших Нурсултан Накарбаевын удаах хоёр дахь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Токаевыг Назарбаевын залгамжлагч хэмээн үздэг. 2019 оны зун болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд 70,96 хувийн санал авч ялалт байгуулсан. Сүүлд 2022 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Токаев 81.3 хувийн саналаар ялалт байгуулж байв. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 5-наас БНКазУ-ын Аюулгүйн Зөвлөлийн дарга, 2021 оны арваннэгдүгээр сарын 23-наас улс төрийн “Нур Отан” намын даргаар ажилласан. 2013-2019 онд БНКазУ-ын парламентын Сенатын дарга, 2011-2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарын Ерөнхий захирал, 1999-2002 онд БНКазУ-ын Ерөнхий сайд, 1994-1999, 2002-2007 онуудад БНКазУ-ын Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан. Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цолтой. Улс төрийн ухааны доктор. Казах, орос, франц, англи, хятад хэлтэй.

ЗХУ задраагүй байхад тус улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад ЗХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан. 1984-1985 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад Бээжин дэх ЗХУ-ын Элчин сайдын яаманд томилогдож 1985-1991 оны хооронд хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байжээ.

Түүнийг эхний удаа Ерөнхийлөгч болоод хоёр жил хагас орчим болж байхад 2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Казахстанд шингэрүүлсэн хийн үнэ огцом хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал өрнөж, улмаар үймээн самуун болон хувирч байв. Энэ үеэр Казахстаны аюулгүй байдлын 16 албан хаагч амиа алдаж, 1300 гаруй хүн шархадсан гэдэг ч үүнээс олон гэсэн мэдээлэл бий. Удалгүй жагсагчид эдийн засгийн асуудлаас улс төрийн шаардлага руу шилжин орж улс орны удирдлагыг огцруулахыг шаардав. Ингээд Ерөнхийлөгч К.Токаев нэгдүгээр сарын 5-нд Казахстан даяар онц байдал зарлаж, Засгийн газраа буулгаж Н.Назарбаевыг Аюулгүйн байдлын Зөвлөлийн даргын албанаас огцруулж өөрөө тэр албан тушаалд очиж, нөхцөл байдлыг гартаа авсан байдаг.

К.ТОКАЕВ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД ХИЙСЭН ГОЛ АЖИЛ

Касым-Жомарт Кемелевич Токаевын Ерөнхийлөгч болоод хийсэн гол шинэчлэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээдэг. Казахстан улс 2022 онд бүх ард түмний санал асуулгаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн, сонгуулийн холимог тогтолцоонд шилжих, улс төрийн намуудыг бүртгэх журмыг хялбарчлах, хэвлэл мэдээллийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг томоохон шинэчлэлтүүдийг Үндсэн хуульдаа тусгасан байна.

Тэрбээр “Хүчтэй Ерөнхийлөгч-Нөлөө бүхий Парламент-Хариуцлагатай Засгийн газар” гэсэн уриан дор шинэ Казахстаныг байгуулах, улс орноо өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай, тогтвортой, баян чинээлэг улс болгох зорилтыг тавиад явж байгаа юм. Тус улс 2026 он гэхэд гадаад орнуудаас 25.5 тэрбум ам.долларын хөрөнгө татах зорилго тавьжээ. К.Токаев өнгөрсөн есдүгээр сард шинэчлэлийн дараагийн реформоо танилцуулж, дэлхийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхахад тус улсын татварын тогтолцоо саад болж буйг мэдэгдэж, даруй өөрчлөхөө амалж байв.

Exit mobile version