Улс төр

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.   

Тэрээр дараах мэдээллийг өглөө:

-Би хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг сүүлийн хоёр сар ахаллаа. “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Засгийн газар эзэмшдэг. 2037 онд ногдол ашгаа авч эхэлнэ.

Иймд Францтай хийх хэлэлцээг зөв явуулах ёстой. Хэрэв бид “Оюу толгой”-той гэрээ байгуулахдаа өсөн нэмэгдэх АМНАТ авна гэж заасан бол ногдол ашгаа эрт авах байв. Францтай байгуулах гэрээнд АМНАТ тооцох аргачлалаа заасан. Цөмийн энергийн хуульд АМНАТ дээд тал 5 хувь байна гэж хатуу заасныг би их гайхсан. Хэний эрх ашиг байсан юм бол?

Хуулийг баталснаар цаашид энэ салбарт хэлэлцээ хийх өргөн боломжийг нээнэ. Ерөнхийлөгч өнгөрсөн онд Францад айлчилж, улс төрийн манлайлал үзүүлж, энэ гэрээг урагшлуулав. Уг нь бид 27 жилийн турш энэ асуудлыг ярьсан ч урагшилсангүй. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад энэ салбарт ахиц гарсан юм билээ. Гэтэл бидэнтэй ижил гараанаас гарсан Казахстан ураны салбарт тэргүүлэгч болсон. Дэлхийн зэх зээлийн 40 хувийг хангаж байна.

Уран өндөр хүчний эрчим хүч ялгаруулдаг. Бид 27 жил энэ төслийг ярьж байна. С.Цэнгүүн гишүүн тэр үед төрж байсан байх. “Орано” 27 жилийн өмнө манайд салбараа нээсэн юм билээ. Гэтэл одоо ч хэлэлцсээр байна. Бид 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хийгээ 20 орчим хувиар бууруулах амлалтыг олон улсад өгсөн. Энэ хүрээнд гурван гэрээнд нэгдсэн. Энэ гэрээг байгуулснаар атомын цахилгаан станцтай болохгүй.  Гэхдээ энэ салбарын судалгаа шинжилгээ хөгжинө.

Бид эхлээд хуулийн орчноо цэгцлээд дараа нь “Орано”-той байгуулах гэрээний төслөө Засгийн газар, УИХ гэсэн дарааллаар хэлэлцүүлнэ. Энэ нь зөв дараалал юм. Хүний нөөцийн хувьд ШУТИС-д оюутнуудыг тэтгэлэгтэй сургаж байна. “Оюу толгой”-д цөөн гадаад ажилтан бий ч тэдний цалин монголчуудынхаас хамаагүй өндөр. Энэ алдааг Дорноговьд давтахгүйн тулд гадаад ажилтан авчирвал төлбөр төлнө.

Одоо Зөөвч-Овоод нэг л гадаад ажилтан бий. Цөмийн энергийн тухай хуулийг баталснаар энэ салбарт өөр хөрөнгө оруулагчид орж ирнэ. Засгийн газрын зардлыг бууруулахын тулд цаашид ураны төслүүдийн 10 хувийн хувьцааг л эзэмшинэ, 34 хувь биш. Ингэснээр 34 хувьд ногдох хөрөнгө оруулах үүрэг хүлээхгүй. Мөн ногдол ашгийг иргэн бүр хүртэх боломжтой. Энэ нь илүү ашигтай хувилбар.

АМНАТ-ын суурь 5 хувийг ямар ч үед авна. Харин тусгай АМНАТ хэд байх вэ гэдгийг УИХ шийднэ. Энэ нь төсөл бүрд харилцан адилгүй байна.

Дорноговь дахь Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн АМНАТ авахаар тохирсон нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр хувь. Энэ төслийг олон удаа бичсэн юм билээ. Хэлэлцээ бүтэн жил үргэлжилж байгаа тул хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д оруулж ирлээ. Энэ төсөл санхүүгийн хувьд ашигтайн сацуу гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт. Мөн дэлхий нийтээрээ ногоон эрчим хүч рүү явж байгаа тул бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинэ технологи инновац нэвтэрнэ, улсын төсөвт ачаалал үүсгэхгүй. ” гэв.

Exit mobile version