Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашиг хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд орууллаа
- 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааснаар хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ
1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбоотойгоор хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж эхэллээ. Үнэт цаасны данс нээлгэх хүсэлтэй иргэд цөөнгүй байна. Шинэ төрлийн вирусээс сэргийлэх үүднээс брокерын компаниуд иргэдийн данс нээх, хувьцаа арилжаалах зэрэг бүх үйлчилгээг 2-3 минутад цахимаар шийдэхээр болжээ. Энэ нь цаг хугацаа хэмнэх төдийгүй иргэдэд хүндрэл багатай гэж үзэж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох аж.
Иргэдийн хувьд хувьцааны дансаа баталгаажуулах учиртай. Ингэснээр ногдол ашиг авах эрх үүсэх юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингэснээр нэгж хувьцаанд 90 төгрөг буюу 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Компанийн цэвэр ашиг жилээс жилд нэмэгдэх хэрээр ногдол ашиг тэр хэрээр өснө гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 85 хувийг төр эзэмших бөгөөд үлдсэн хувь нь иргэд, аж ахуйн нэгжийнх. 22.5 сая хувьцаа эзэмшигчтэй тус компани ногдол ашиг тарааснаар хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэл үнэмшил сэргэж байна. Тэдний нэгэн адил “Эрдэнэс Тавантолгой” 2019 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар боллоо. Баялгийн хуваарилалт гэж үүнийг харж байна. Ногдол ашиг ард иргэддээ хуваалцах нь зүй ёсны хэрэг. 200 гаруй тэрбум төгрөг иргэдэд ногдол ашиг болон хүрнэ. Үүнийг иргэд зөв зохистой хөрөнгө оруулалт болгож, эргээд үр өгөөжийг хүртэх зүйлд зарцуулаасай. Тухайлбал, ногдол ашгаараа хувьцаа авч болно.
2012 ОНД ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛСЭН ХУВЬЦААНЫ УТГА УЧИР ОДОО ГАРЧ БАЙНА
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр
-2012 онд иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны утга учир одоо гарч байна. Нээлттэй, хувьцаат компани ашигтай ажилласнаар ногдол ашиг тараах нь хууль ёсны хүлээсэн үүрэг. Иргэд хувьцаа эзэмшигч гэдгээ ногдол ашиг авснаар мэдэрч, хөрөнгийн зах зээлд хандах хандлага өөрчлөгдөнө. Компаниуд ногдол ашиг тараахаа зарлаж эхэллээ.
Хөрөнгийн зах зээл хөгжилд том түлхэц болно
1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар
-Хөрөнгийн зах зээлийн хөгжилд том түлхэц болно. Иргэд өөрсдийн нээлгэсэн хувьцааны дансаар ногдол ашиг авна. Брокерын компаниуд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг иргэдэд хүргэх хэрээр мэдлэг мэдээлэл авна. Хувьцаа захиран зарцуулах, өөр компанийн хувьцаа авах гээд иргэд илүү итгэл үнэмшил бий болно. Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн боловсрол, ойлголт нэмэгдэнэ. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг өнгөрсөн хугацаанд орхигдож ирсэн. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн идэвх сэргэнэ гэж харж байгаа.
1072 хувьцааг зарах, борлуулах эрхийг нь нээж өгвөл илүү бодитой үр дүн гарна
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай
-Хөрөнгийн зах зээлийн хөгжилд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. 200 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хүрэхээр байгаа. Үүнээс зарим нь хөрөнгийн зах зээлд оролцож, нэмж хувьцаа авах замаар компаниудад хөрөнгө оруулалт хийх байх гэж харж байна. Ийм тохиолдолд хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит үр дүн гарна. 1072 хувьцааг эзэмшүүлж байсан цагаас хойш найман жил өнгөрч байна. Энэ олон жилийн дараа анх удаа ногдол ашиг өгөхөөр боллоо. Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн ерөнхий ойлголт нэмэгдэнэ. Ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбогдуулан 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, зарах, борлуулах эрхийг нь нээж өгвөл энэ илүү бодитой хөгжилд тус нэмэр болно. Хувьцаанаас хүн ногдол ашиг хүртэх эсвэл үнийн зөрүүнээс ашиг олдог. Тэгэхээр зөвхөн ногдол ашиг бус үнийн зөрүүнээс ашиг олох гарц нээх хэрэгтэй.