CRI Монгол радио

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

Нийтэлсэн

Европын Комисс 10-р сарын 29-нд мэдэгдэл гаргаж, 10-р сарын 31-ээс эхлэн Хятадаас импортлох цахилгаан автомашинд таван жилийн хугацаатай нөхөн олговрын эсрэг татвар ногдуулах шийдвэр гаргаснаа зарлалаа. Уг шийдвэр нь талуудын эсэргүүцлийг үл харгалзсан бөгөөд Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD, Geely, SAIC Motor зэрэг компанийн бүтээгдэхүүнд тус бүр 17.0, 18.8, 35.3 хувийн татвар нэмэхээр заажээ. Мөн Теслагаас бусад хамтын ажиллагаатай автомашины компаниудад 20.7 хувийн татвар ногдуулна, харин ЕХ-ны дүрэм журмыг эсэргүүцсэн компаниудад 35.3 хувийн татвар ногдуулна хэмээн заажээ.

Энэхүү арга хэмжээг Хятадын тал эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, ДХБ-ын маргаан шийдвэрлэх механизмд гомдол гаргаад байна. ЕХ-ны энэ үйлдэл нь шударга өрсөлдөөнийг гажуудуулж, худалдааг ивээх үзэл агуулж байна хэмээн Хятадын тал үзэж байгаа бөгөөд энэ нь Хятад, Европын аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар Европын хэрэглэгчдэд илүү их зардал учруулж болзошгүй гэв. Түүнчлэн үүнээс үүдэлтэйгээр ЕХ-ны худалдааны орчин “бохирдож”, ногоон шилжилтийн үйл явцад нь сөрөг үр дагавар авчрах болно.

Эдийн засгийн талаас авч үзвэл энэ нь Европын автомашин үйлдвэрлэгчдийн ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг алдагдуулж, эрх ашгийг нь хохирооно. Америкийн Родиум Консалтинг компанийн судалгаагаар, дэлхийн автомашины ханган нийлүүлэлтийн сүлжээ шинэ технологид дасан зохицох үед Хятадын цахилгаан автомашиныг Европт нэвтрүүлэхгүй байх нь Европын талд боломж алдагдуулж, технологийн хөгжилд саад учруулна гэжээ. Францын Renault компанийн гүйцэтгэх захирал Лука Майо Хятадын компаниудтай хамтын ажиллагааг зогсоох нь Европын автомашины цахилгаанжуулах үйл явцыг саатуулж мэднэ хэмээн мэдэгдсэн бол, BMW группын зүгээс ЕХ-ны энэ арга зам нь Европын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхгүй, харин ч олон улсын бусад компаниудад сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ. Германы автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Хильдегард Мюллер энэ арга хэмжээ бол дэлхийн чөлөөт худалдаанаас ухарч буй үйлдэл, үүний үр дүнд Европын хэрэглэгчдийн зардал нэмэгдэнэ гэдгээ хэлж байв.

Хятадын тал ЕХ-ны энэ алхам Европын хөрөнгө оруулалтын орчныг эрсдэлд оруулж байгааг анхааруулав. ЕХ Хятадын цахилгаан автомашинд нөхөн олговрын эсрэг татвар нэмж байгаа нь Хятадын компаниудыг албадаж Европт хөрөнгө оруулалт хийж үйлдвэр байгуулах зорилготой ч нээлттэй, шударга зах зээлийн орчин л хөрөнгө оруулалтыг татна гэдгийг онцолсон юм.

ЕХ-ны энэхүү шийдвэр нь ногоон өөрчлөлт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтод нь ч саад болно. ЕХ 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг 55 хувь, 2050 он гэхэд тэглэх зорилго тавиад байгаа ч цахилгаан автомашиныг дэмжих бодлого дутагдалтай, зардал өндөр байгаа нь ногоон шилжилтэд эрсдэл авчирч байна. Шинжээчид ЕХ Хятадтай эдийн засаг, худалдааны холболтоо тасалбал ногоон хөгжилд нь нөлөөлж, асуудлыг улам хүндрүүлнэ гэдгийг сануулж байна.

Түүнчлэн, ЕХ-ны энэ үйлдэл дотоодын улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлж, хагаралд хүргэж болзошгүй байна. Европт эдийн засгийн тэнцвэргүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, барууны үзэл бодол нэмэгдэж буй нь нийгмийн зөрчлийг хурцатгаж байна. Хятадын цахилгаан автомашинд нөхөн олговрын эсрэг татвар тогтоох асуудлаар ЕХ дотооддоо ч санал зөрөлдөөн ихтэй байна. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Германы канцлер Олаф Шольц нарын зүгээс энэ үйлдэл нь ЕХ-ны өрсөлдөх чадварт сөрөг нөлөө үзүүлнэ гэж онцолсон бол Финландын Ерөнхийлөгч Александр Стубб татварыг нэмэх, худалдааны маргааныг хурцатгахыг эсэргүүцэн, болгоомжтой хандахыг сануулсан юм. Хятадын Олон Улсын Судлалын Хүрээлэнгийн судлаач Цүй Хунжян “эдийн засаг, худалдааны салбарт үүссэн энэ зөрчил ЕХ-нд дотоод хагарал авчирч, хөгжлийг нь удаашруулж байна” хэмээн дүгнэжээ.

Exit mobile version