CRI Монгол радио
“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав
Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2024 оны 11 дүгээр сарын 4-ний 01:24 цагт “Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг Дүнфэн буух талбайд амжилттай газардлаа. Ингэснээр “Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын нислэгийн үүргийг бүрэн дүүрэн амжилттай гүйцэтгэж дуусгалаа.
“Шэньжөү-18” сансрын хөлгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-нд Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөсөн бөгөөд сансрын гурван нисгэгч тойрог замд 192 хоног ажиллав. Энэ хугацаандаа тэд хоёр удаа бүхээгээс гарч ажиллан, Хятадын сансрын нисгэгчид ганц удаад бүхээгийн гадна хамгийн удаан хугацаа ажилласан тэмдэглэл тогтоож, сансрын станцыг сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмжийг суурилуулсан юм. Мөн тэд бүхээгээс эд материалыг зөөж гаргах, бүхээгийн дотор болон гадна талын тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үүргийг амжилттай гүйцэтгэж, сансрын станцыг тойрог замд тогтвортой ажиллуулах үнэтэй өгөгдөл, туршлага хуримтлуулсан байна.
Үүнээс гадна, газар дахь станцын эрдэмтдийн нягт хамтын ажиллагааны хүрээнд бичил таталцлын үндсэн физик, сансрын материал судлал, сансар судлалын шинжлэх ухаан, сансар судлалын анагаах ухаан, сансрын технологийн салбарт олон төрлийн шинжлэх ухааны туршилтууд хийгджээ.