Нийгэм

“Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиумын үйл ажиллагаанд 101 орны 6000 гаруй төлөөлөгч оролцсон байна

Нийтэлсэн

“Орос Улс” Үндэсний төвд зохион байгуулсан “Ирээдүйгээ бүтээхдээ” Олон улсын симпозиумын үйл ажиллагаанд дэлхийн 101 орны 6000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Дэлхийн олон орны засаг захиргаа, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн, инженер, ирээдүй судлаач, урьдчилан таамаглагч, нийгмийн зүтгэлтэн, уран бүтээлчид ирээдүйг төсөөлөн зураглах гол зорилготой уг симпозиумын 80 гаруй арга хэмжээнд оролцсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Симпозиумын оролцогч, зохион байгуулагч болон зочдод мэндчилгээ дэвшүүлэхдээ: “Өнөөдөр Орос Улсын өмнө олон сорилт тулгарч байгаа хэдий ч цаг үеэсээ түрүүлсэн зорилтуудыг өмнөө тавьж, давшингуй хөгжлийн шинэ чиглэлүүдийг тодорхойлж, маргааш өдрийн цаад руу өнгийж харахыг эрмэлзэх шаардлагатай байна” гэж тэмдэглэсэн байна.

“Симпозиум нь янз бүрийн салбарын мэргэжилтнүүдэд хамтран ажиллах боломж бүрдүүлж, салбар хоорондын уялдаа холбоог өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Ард түмний нэгдэл нягтрал зөвхөн уламжлалаар биш мөн ирээдүйн тухай төсөөллөөр тодорхойлогддог. Бүр мөрөөдлөөр ч гэж хэлж болно. Бид ч, мэдээж хэрэг, бүрэн эрхт хүчирхэг улсыг, бүх үндэстний хүмүүст авъяас чадвараа ашиглах, аз жаргалттай, амжилттай байх, аюулгүй амьдрах боломж олгосон дэлхийн шударга тогтолцоог мөрөөддөг байсан, мөрөөдөж ч байгаа. Өнөөдөр олон улсын энэ симпозиумд оролцож байгаа хүн бүр үүнд хүрэх үйлсэд асар их хувь нэмэр оруулж байгаа юм” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн дэд дарга Сергей Кириенко “Ирээдүйг цогцлоох гүн ухаан” сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт тавьсан илтгэлдээ онцолсон байна.

“Шинжлэх ухаан болон нийгмийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал юм. Хүн төрөлхтөн хамтдаа ажиллах хэрэгтэй. 100 гаруй орны төлөөлөгчид оролцож буй энэ симпозиум нь энэ шаардлагыг ойлгох чиглэлд хийж байгаа чухал алхам боллоо. Ирээдүйн технологиудыг бүрэн цогцоор нь нэг улс дангаараа бүрдүүлж чадахгүй, ийм боломж ч байхгүй гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Бид хэтийдсэн хамгаалалт, хязгаарлалалт болон шударга бус өрсөлдөөнийг хойш нь тавиад, хоршин ажиллах хэрэгтэй” гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн дэд дарга Денис Мантуров симпозиумд тавьсан илтгэлдээ тэмдэглэжээ.

Олон улсын симпозиумд оролцогчид “Хүний ирээдүй”, “Технологийн ирээдүй”, “Олон туйлт дэлхийн ирээдүй”, “Соёл иргэншлийн ирээдүй” гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Exit mobile version