Улс төр

Н.Номтойбаяр: Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд чинь орж ирдэггүй хэрэг үү!

Нийтэлсэн

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн УИХ-ын зарим гишүүний үгийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Ард иргэдийн дургүйцэл асар их байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жил ард иргэдийн амьдрал буурсан, дарга нарын халаас томорсон. Төсвийн хулгай хийсэн. Хулгай хийгээгүй хүн гэж байхгүй болсон шүү.

УИХ-ын гишүүн М.НАРАНТУЯА-НАРА:

-Ер нь, төсөв тойрсон маш олон хэлэлцүүлэг, ард түмний дунд маш их зүйлээр өгөөш тавьж байна. Надаар одоо ч гэсэн мишок хийгээд явж байгаа юм байна. Чухал асуудлаа шийдвэрлүүлэх үедээ олны танил хүмүүсээ урд нь гаргаж тавьчихаад ард нь том том төсөв хэлэлцдэг юм байна. Хоёрхон жилийн дотор 60 хувиар тэлдэг төсөвтэй улс, орон байдаг хэрэг үү.

УИХ-ын гишүүн П.МӨНХТУЛГА:

-Маш олон жил эдийн засгийг солонгоруулна л гэж ярилаа. Жил жилийн төсвийг дандаа уул уурхайгаас хамааралтай, ашигтай гарах эсэхийг яах бол гэж түгшсэн байдлаасаа хэзээ гарах вэ. Хөдөө аж ахуйн орон болно гэж олон жил ярилаа. Одоо батлагдах төсөв ч гэсэн үрэлгэн байна.

УИХ-ын гишүүн С.ЦЭНГҮҮН:

-Эрчим хүчний асуудалтай холбоотой иргэд маш их бухимдсан. Иргэд үнэ нэмэх гэж байна гэж ойлгосон. Эрчим хүчний реформ бол ганц үнэ нэмэх биш юм. Үүнийг үргэлжүүлж, маш хурдан хийх шаардлага бий. Буруутай, санаатайгаар энэ асуудлыг улстөржүүлмээргүй байна.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

-Төсвийн алдагдал, тэлсэн байдлыг юугаар орлуулах вэ. Мэдээж зээл авах байх. Ядаж хажууд нь төрийн өмчит аж ахуйн нэгжээ хувьчлах ямар ч ажил байхгүй. Аж ахуйн нэгжүүд чинь сөхөрчихлөө шүү дээ. Яаж ингэж данхар төсөв оруулж ирж чадаж байна аа.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Төсөв чинь 2, 3 дахин нэмэгдээд байна. Орлого нь зөвхөн нүүрснээс хамаараад байна гэдгийг би хэлж л байсан. Нүүрс чинь орж ирэхээ больчихвол маш хүнд шоконд орно шүү.

УИХ-ын гишүүн М.БАДАМСҮРЭН:

-Ирэх оны төсөвт анхаарах зүйл байна. Зарим дарга шинэ гишүүд ингэсэн, тэгсэн гээд нэр бариад байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Бидэнд жижиг ч гэсэн туршлага байгаа шүү дээ. Шинэ гишүүд үг хэлэх ёстой, уриалж байна.

УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:

-Бид 35.8 их наяд төгрөгийн зардалтай төсөв ярьж байна. Үүнээс гадна төрийн өмчит компани гэж том асуудал бий. Эдгээр компанийн өсөлтийг ямар байдлаар төсөөлж байна вэ. Төр томорно гэдэг нь зардал томорно гэсэн үг. Хүний нөөцийн зах зээл дээр өсөлттэй холбоотой тэлэлт яаж явах вэ.

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Төсвийг тусгай дэгээр хэлэлцдэг. Төсөв дөрвөн хэлэлцүүлэг явна. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлнэ. Дараа нь санал хураалт явна. Төсөв буцаагдсан тохиолдолд Засгийн газар гурав хоногт засварлаад дахин өргөн барих дэгтэй байдаг.

УИХ-ын гишүүн Н.НОМТОЙБАЯР:

-Шинэ гишүүдээ дарамтлаад л, үг үзэл бодлыг нь илэрхийлүүлэхгүй байна. Төсвийн Ажлын хэсэг хуралдана гээд хуралдаагүй шүү дээ. Энэ шинэ, хуучин гэдэг сэтгэхүйгээ хаячихмаар байна. Төсөв хэлэлцэж байхад УИХ-ын гишүүдийн улс төрийнх нь эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандмаар байна. Төсөв хэлэлцэж байхад Ерөнхий сайд чинь орж ирдэггүй юм уу. Тэр хүнээс чинь л асуумаар байна шүү дээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-УИХ-аар төсвийг 70 хоног хэлэлцэж байна. Гэтэл гэнэт төсөв өчигдөр өргөн барьсан юм шиг л хандаад байгааг гайхаж байна. Хэрэв ажил хэрэгч байдлаар явсан бол болох л байсан. Наймдугаар сард хийсэн тодотгол бол түгжрэлээсээ гарах л тодотгол байсан. Тэр 14 мега төслөө явуулья гэдэг л төсөв. Өсөлт байж л таарна. Түүнийг дагаад эрсдэл байж л байдаг.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Төсвийн зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэхтэй санал нэг байна. Надад асуулт байхгүй. Улаан шугам болсон, хязгаар болсон тоог чинь байнга өөрчилдөг. Үүнээс төсөв, санхүүгийн тогтворгүй байдал чинь үргэлжлээд байна.

УИХ-ын гишүүн Л.ГАНТӨМӨР:

-Энэ яам, тэр яам гэхээсээ илүүтэй Засгийн газар чинь тал талаасаа л ярьсан шүү дээ. Өнгөрсөн жил цалин нэмсэн, гишүүд ээ. Тэтгэвэр, цалин нэмсэн буяндаа сонгогдоод сууж байгаа шүү. Тэгэхээр нэгэнт нэмчихсэн халамж, одоо ажил хэрэгч санал гаргаач ээ.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Энэ төсөв нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг зөрччихсөн. Одоо дурын дуракын сэтгэл алдарч байна. Манай УИХ-ын гишүүд их зөв санаачилга гаргалаа. Юмыг зөв болгоё гэж байгаа хүмүүсийг дэмжээч, тэднийг битгий буланд шах. Би урсгал зардлын Ажлын хэсэгт орж ажилласан. 3.6 их наядаар ихэсгэхгүйгээр амьдарчих боломж байна. Гол нь сэтгэл зүрх алга, дутаж байна. Аж ахуйн нэгж, хүн ардаа хөл дээр нь босгох бодлого байхгүй байна, Засгийн газарт.

Exit mobile version