Улс төр

Ц.Туваан: Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч компани ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй

Нийтэлсэн

Ховд аймгийн Мянгад сумын “Халзан бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч  “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон учраас төслийн үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс зогсоох тухай захирамжийг Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа гаргасан билээ.
Тэгвэл Халзан бүрэгтэй төслийг зогсоосон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Халзан бүрэгтэй ордод хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан аж, ахуй нэгжийн ажлыг зогсоосон нь харамсалтай байна. Энэ асуудлын талаар тухайн компани өргөдөл гаргаад хуулийн байгууллагаар шалгуулаад явах байх.
Дэлхийд олон төрлийн шилжилтүүд явж байгаагаас ногоон эрчим хүчний шилжилт анхаарлын төвд байна. Тухайлбал, олон улсын хурал зөвлөгөөнүүдийн 50-аас дээш хувь нь ногоон эрчим хүчний сэдвээр зохион байгуулагдаж байгаа. Энэ хүрээнд газрын ховор элемент нь чухал ашигт малтмалын тоонд ордог. Чухал ашигт малтмалын жагсаалтыг улс орон болгон гаргасан байдаг. Бид чухал ашигт малтмалын жагсаалтдаа газрын ховор элементийг оруул ойрын хугацаанд УИХ-аар батлуулна.
Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлд ахиц гаргасан төсөл бол Халзан бүрэгтэй. Гэтэл энэ төслөө урантай холбоотой мэт буруу мэдээлэл түгээж, хайгуул судалгаагаа хийж байгаа компанийн эд хөрөнгө, хувь хүмүүсийн эрх ашигт халдаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам буруу гэж үзэж байна. Монгол Улс хуультай орон. Бид ямар нэгэн байдлаар байгалийн баялгийг ашиглахдаа Ашигт малтмалын тухай хууль, журмын дагуу хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг олгодог. Халзан бүрэгтэй төслийн баг, ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч компани ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй.
Дээрээс нь бид улсын төсөв хэлэлцэхэд зарим салбарт орлого хүрэлцэхгүй, ард иргэдийн аж амьдрал муу байна гэж Засгийн газрыг шүүмжилдэг. Иймээс уул уурхайн баялгийг хуулийн дагуу ашиглаж, 2019 оны Үндсэн хуулийн дагуу батлагдсан Баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлж, үүгээрээ иргэдийн эрүүл мэнд, нийгэм, орон байртай холбоотой асуудлыг шийдэх асуудалд сөргөөр хандаж байгаа нь зөв зүйл биш” гэлээ.
Exit mobile version