CRI Монгол радио

Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзалт хийв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 11-р сарын 16-ны үдээс хойш, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Перу улсын нийслэл Лимад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Ерөнхийлөгч Байдентай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд Хятад, Америкийн харилцаанд нугарал бүдрэлд учирсан ч та бид хоёрын удирдлага дор үр ашигтай яриа хэлцэл, хамтын ажиллагаа өрнөж, ерөнхий тогтвортой байсан гэжээ.

Хятад, Америкийн харилцааны хөгжил Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилийн туршлага, сургамжийг харуулсан. Хоёр орон түнш, анд нөхөр байж, санал зөрөлдөөнөө нөөцөлж, нийтлэг ойлголтод хүрч, бие биеэ амжилтад хүргэвэл Хятад Америкийн харилцаа эрчимтэй хөгжих боломжтой. Хэрэв бие биенээ өрсөлдөгч, дайсан мэт үзэж, ширүүн өрсөлдөж, бие биенээ хохироовол Хятад, Америкийн харилцаа нугарал бүдрэлд орж, бүр ухрах ч болно.

Өнөөгийн дэлхий ертөнц үймээн самуун, зөрчил мөргөлдөөнтэй байсаар  бөгөөд шинэ болон хуучин асуудлууд хоорондоо уялдаа холбоотой байж, хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилтуудтай тулгарч байна. Том гүрнүүдийн өрсөлдөөн цаг үеийн урсгал байх ёсгүй. Эв нэгдэл, хамтран ажиллаж, хүчир бэрхийг хамтдаа даван туулж ёстой. Шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрлэлийн өөрчлөлт үргэлжилж байна. “Холбоосыг салгах, таслах” нь асуудлыг зохицуулах арга биш, харилцан ашигтай хамтран ажиллах нь хамтын хөгжилд хүрч чадна.  “Жижиг хашаа, өндөр хэрэм барих” нь том гүрний үйлдэл биш. Нээлттэй байж, хамтаар хуваалцах нь хүн төрөлхтөнд ашигтай. Дэлхийн хоёр том орон болох Хятад, Америк дэлхий нийтийн ашиг тусыг бодолцож,  үймээн самуун ихтэй байгаа дэлхий ертөнцөд тогтвортой, эерэг тохио өгөх ёстой гэжээ.

Дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцааны хувьд Хятад, Америкийн харилцаа тогтвортой хөгжих нь хоёр ард түмэн төдийгүй хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд холбоотой гэдэгт би бүрэн итгэдэг. Хятад Америк хоёр ард түмний сайн сайхан байдал, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан, ухаалаг сонголт хийж, хоёр том орны харилцааны зөв замыг эрэлхийлж, Хятад Америк хоёр орон энэ дэлхийд урт хугацаагаар энх тайван зэрэгцэн оршихыг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Саяхан АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Хятад улсын Хятад Америкийн харилцааг тогтвортой, эрүүл саруул хөгжүүлэх зорилт өөрчлөгдөөгүй. Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтаар хожих зарчмууд өөрчлөгдөөгүй. Бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа тууштай хамгаалах гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй. Хятад Америкийн ард түмний уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэх хүсэл өөрчлөгдөөгүй. Хятад улс Америкийн засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгаж, Хятад Америкийн харилцааг тогтвортой байлгаж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлгахыг хичээх болно гэжээ.

Ши Жиньпин Тайванийн асуудал, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, интернетийн аюулгүй байдал, Өмнөд тэнгис, Украины хямрал, Солонгосын хойгийн асуудал зэргээр Хятадын талын байр суурийг тодорхойлжээ.

Жо Байден хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа болох учир хоёр орны ард түмэн төдийгүй дэлхийн ирээдүйд ч хамааралтай. Америк Хятадын өрсөлдөөнийг мөргөлдөөн болгож хувирахгүй байх нь Америк, Хятадын засгийн газрын хоёр ард түмэн болон дэлхий дахины өмнө хүлээсэн хариуцлага болох юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Америк, Хятад хоёр тал хамтаар хүчлэн чармайж, яриа хэлцэл, хэлхээ холбооны зарим зам сувгийг сэргээх буюу шинээр байгуулсан байна. Үүнд дипломат харилцаа болон аюулгүй байдлын баг стратегийн харилцаагаа тогтмолжуулж, илэн далангүй, гүнзгий яриа хэлцэл хийж, хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа жилийн өмнө бид Сан Францискод уулзсанаас хойш хоёр тал цэрэг арми, хар тамхитай тэмцэх, хууль сахиулах, хиймэл оюун ухаан, цаг уурын өөрчлөлт, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарт бодит үр дүнд хүрсэн. 2026 оны АПЕК-ийн удирдагчдын уулзалт болон Их 20-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Америк, Хятад хоёр тал бие биенээ дэмжих нь Америк Хятадын хамтын ажиллагаа ард түмэнд хүртээмжтэй байхыг харуулсан байна. АНУ “шинэ хүйтэн дайн”-ыг эрэлхийлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, Хятадын эсрэг эвслээ бэхжүүлэхийг эрмэлзэхгүй, “Тайванийн тусгаар тогтнолыг” дэмжихгүй, Хятадтай зөрчилдөхийг эрмэлзэхгүй, Тайваний асуудлыг ашиглан Хятадтай өрсөлдөхгүй. АНУ нэг Хятадын бодлогоо үргэлжлэн баримтлах болно. Шилжилтийн үед Хятад улстай харилцаа холбоо, яриа хэлцлээ эрчимжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа авахад Америк бэлэн байна гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Америкийн харилцааны үндсэн зарчим болох харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хэлхээ холбоогоо хадгалах, мөргөлдөөнөөс сэргийлэх, НҮБ-ын дүрмийг сахин биелүүлэх, хамтын ашиг сонирхолтой салбарт хамтран ажиллах,  хоёр талын харилцаан дахь өрсөлдөөний хүчин зүйлд хариуцлагатай хандах зэрэг 7 зүйлт нийтлэг ойлголтыг дахин нотлов. Хоёр тал эдгээр зарчмыг баримталж, Хятад, Америкийн харилцааг үргэлжлүүлэн тогтворжуулж, шилжилтийг тогтвортой өгрүүлэхийг биелүүлэхийг дахин нотолжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Америкийн стратегийн хэлхээ холбоо, дипломат харилцаа болон аюулгүй байдлын багуудын байнгын хэлхээ холбоо, хоёр улсын цэрэг арми, эдийн засаг худалдаа, банк санхүү зэрэг салбарын яриа хэлэлцээний механизмын чухал үүрэг ролийг нааштай үнэлж, хэлхээ холбооны эрч хүчийг үргэлжлүүлэн хадгалж, макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхийг зөвшөөрсөн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар Сан Францискогийн уулзалтаас хойших хар тамхитай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагаанд нааштай ахиц дэвшил гарсныг эргэн дүгнэв.
Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр тал хиймэл оюун ухааны засаглалын асуудлаар илэн далангүй, бүтээлч яриа хэлэлцээ хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хиймэл оюун ухааны тухай тогтоолд хамтран гарын үсэг зурж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хиймэл оюун ухааныг сайн сайхан, ашиг тусын төлөө хөгжүүлэхийг дэмжиж, хүн төрөлхтөн цөмийн зэвсгийн хэрэглээнд хяналттай шийдвэр гаргах ёстойг нотолжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар энэ удаагийн уулзалт илэн далангүй, гүнзгий, бүтээлч болсон гэж үзэж, цаашид ч хэлхээ холбоогоо хадгалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Exit mobile version