Нийгэм

Г.Сайханбаярын дүү, С.Амарсайханы сонгуулийн менежерийн эхнэр, Ерөнхий сайдын зөвлөхийн дүү нар ОБЕГ-ыг удирдана

Нийтэлсэн

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын гурван Дэд даргыг ажлаас нь чөлөөлжээ. /2024.11.15/ Ингэхдээ “Стратеги, бүтцийн өөрчлөлт хийх” нэрээр чөлөөлсөн боловч тухайн албан тушаалуудад ямар нэг өөрчлөлт хийлгүйгээр орны хүмүүсийг нь томилжээ. Тодруулбал, ОБЕГ-ын Тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэнгийн оронд Ц.Ганзоригийг, Дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярын оронд Ц.Уранчимэгийг, дэд дарга, бригадын генерал Д.Намсрайн оронд Я.Гантөмөрийг томилж, өнөөдрөөс ажилд нь оруулжээ.

Тэгвэл шинээр томилогдсон гурван Дэд дарга гурвуулаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, Тэргүүн дэд даргаар томилогдсон Ц.Ганзориг нь Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын эгчийн хүүхэд юм. Тэрбээр өмнө нь ОБЕГ-ын Дэд даргаар ажиллаж байсан ба маш их архи уудаг, ажлын хариуцлага алдсан зэрэг асуудлуудад холбогдож, тушаал бууран Тамгын даргаар ажиллаж байсан. Түүний дараа БНХАУ-д сургалтанд суухаар яваад, өнгөрсөн наймдугаар сард эргэн ирсэн юм байна. Дэд дарга Ц.Уранчимэгийн тухайд хотын Орлогч дарга асан Б.Отгонсүхийн эхнэр. Б.Отгонсүх нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр Шадар сайд С.Амарсайханы сонгуулийн Штабын даргаар ажилласан юм. Ц.Уранчимэг нь өмнө нь ОБЕГ-ын “Онцгой жаргалант” сувиллын даргаар ажиллаж байгаад тус газрын Урьдчилан сэргийлэх газрын даргаар томилогдон ажиллаж байсан нэгэн. Харин Дэд дарга Я.Гантөмөрийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарын төрсөн дүү юм.

Эх сурвалж: Цахиур.мн

Exit mobile version