Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийтэлсэн

Монгол Улсын их хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашигласан эсэх асуудлаар шалгуулах ба худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

“Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан миний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээлэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авилгын эсрэг хуульд заасны дагуу мэдүүлэгт тусгагдаж, хөрөнгө орлоготой холбоотой аливаа мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил байдаг билээ.

Эрх зүйт улсын иргэний хувьд миний бие Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг ямагт хүндэтгэн сахидаг.

Гэтэл сүүлийн үед нэр бүхий сайтуудын редакц товлосон хүнээ нийгмээр үзэн ядуулах, жигшүүлэх, турхирах хандлагаар үнэн бодит мэдээллийг гуйвуулж, нийгэмд ташаа ойлголт өгөх, төөрөгдүүлэх башир арга ашиглан бусдын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна.

Үүгээр ч зогсохгүй үндэслэлгүй, нотолгоогүй хуурамч мэдээллийг гадаадын сайтад байршуулж, дотоодод зохион байгуулалттайгаар түгээж, нийгмийн сэтгэлзүйг өдөөн турхирч, манипуляц хийх оролдлого эртнээс өрнөж, үргэлжилсээр байгаа нь хувь хүний нэр төрд халдсаар ирлээ. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хууль бусаар зориуд саад учруулж байгаа оролдлого гэж үзэж байна.

Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангараг өргөсөн Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн хамаарал бүхий этгээдийн талаар бодит мэдээллийг олон түмэнд нээлттэй хүргэх, нийтийн албан тушаал эрхлэхдээ өөрт болон хамаарал бүхий этгээддээ албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал үүсгэсэн эсэх зэрэг асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаж байгааг мэдэгдье.

Eguur.mn зэрэг сайтад нийтлэгдсэн мэдээ нь бүгд худал хуурмаг бөгөөд энэ мэдээндээ залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна. Залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах болно.” гэжээ.

Exit mobile version