Энтертайнмент

G-Dragon Ерөнхийлөгчийнхөө тухай үзэл бодлоо илэрхийлжээ

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль энэ сарын 3-ны өдрийн 22:25 цагийн орчимд улс даяар дайны бэлэн байдал зарласан билээ. Уг шийдвэр зургаан цагийн дараа цуцлагдсан ч тус улсад багагүй үймээн дэгдээсэн юм.

Түүний энэхүү шийдвэр олон нийтэд, тэр дундаа энтертайнмент салбарт хүчтэй нөлөөлсөн ч алдартнууд түүнийг олон нийт шиг хүчтэй шүүмжлээгүй. Гэвч BIG BANG хамтлагийн ахлагч G-Dragon өөрийн байр суурийг илэрхийлсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна.

Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа зохиолч Ха Сан Үгийн шүлгийн хэсгээс оруулжээ. Уг шүлэгт “Гуйя, зүгээр л өөрөө яв” хэмээсэн байх бөгөөд энэ хэсэг Ха зохиолчийн “Орон дээрээ хэвтэхээс өмнө гэрлээ унтраадаггүй” гэх шүлгийн хэсэг аж.

Уг шүлэгт Юн Ерөнхийлөгч болон түүний шийдвэрийн талаар шууд дурьдаагүй ч нийтэлсэн цаг хугацааг нь харгалзан үзвэл түүний уг үйлдлийг Ерөнхийлөгчийн үйлдэлтэй холбож ойлгохоос өөр аргагүй хэмээн шүтэн бишрэгчид нь үзжээ.

Тус улсын иргэд болон улс төрийн намууд Юн Сог Ёлийг огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр буй. Олон нийт онц байдлын дараах цочролын үедээ G-Dragon-ий 2013 онд гаргасан Coup D’état цомгийг хайлтын систем дээрээс хамгийн их хайсан нь түүний уг постыг Ерөнхийлөгчийн эсрэг үзэл бодол нь хэмээн ойлгогдоход хүргэсэн байна.

 

 

Exit mobile version