Дэлхий
Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ
ОХУ болон БНАСАУ-ын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ арванхоёрдугаар сарын 4-нд хүчин төгөлдөр болсон тухай Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
Арванхоёрдугаар сарын 4-нд Москвад ОХУ-ын Гадаад харилцааны яамны орлогч сайд Андрей Руденко болон БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны орлогч сайд Ким Чон Гю нар гэрээг соёрхон баталсан тухай бичиг солилцсон протоколд гарын үсэг зуржээ. Ингэснээр ОХУ болон БНАСАУ-ын хооронд 2000 оны хоёрдугаар сарын 9-нд байгуулсан Найрамдал, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ үйлчлэхгүй болсон байна.
Умард Солонгосын мэдээллийн агентлагийн тэмдэглэснээр, шинэ гэрээнд үндэслэсэн хоёр улсын харилцаа нь олон улсын тогтвортой байдлыг баталгаажуулах бөгөөд дэлхийн олон туйлт, шударга дэг журам бүрэлдэн тогтох үйл явцыг хурдасгах ажээ.
Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д айлчлах үеэр байгуулсан юм. Гэрээг соёрхон батлах тухай хуульд Оросын төрийн тэргүүн арваннэгдүгээр сарын 9-нд, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун арваннэгдүгээр сарын 11-нд тус тус гарын үсэг зурсан байна.