Улс төр
Ураны төсөлд Засгийн газрын эзэмших 34 хувийн 10 хувь нь алтан хувьцаа байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Энэ үеэр Францын төрийн өмчит Орона майнинг компанитай хийх ураны төслийн хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаарх мэдээллийг өгөв.
Тэрээр “Бадрах энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гарагт УИХ-д өргөн барихаар тогтож байна. Энэ бол Оюутолгойн төслөөс хойших хоёр дахь хөрөнгө оруулалтын том гэрээ юм. 2025 оны улсын төсөв батлагдахыг хүлээх зайлшгүй шаардлагатай байсан.
34 хувийн 24 хувь нь Хуримтлалын санд иргэдийн хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ нь орох байдлаар тооцох аргачлал руу орж байна. Уг хэлэлцээг хийж чадвал цаашдаа маш олон төслийн хэлцэл хийх боломж бүрдэнэ.
Түүнчлэн 34 хувь болон АМНАТ тооцох асуудал иргэдийн И-Монголиа дахь хуримтлал руу төвлөрөх учраас иргэн бүхэн том төслүүдээ дэмждэг байх нийгмийн уур амьсгал үүснэ. Нөгөө талаараа баялаг шууд эзэндээ очих бөгөөд өмнө нь яригдаж байсан бүх нөхцөл байдлаа иргэд өөрсдөө хянах боломжтой” гэв.