Дэлхий
Трамп Панамын сувгийг эргүүлэн авна гэж сүрдүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Панамын сувгаар нэвтрэх төлбөрийг багасга үгүй бол эргүүлээд АНУ-д өг хэмээн сүрдүүлжээ.
Тэрбээр “Панамын авч буй төлбөр хэт өндөр байгаа нь шударга бус байна” гэсэн юм. Түүнчлэн АНУ-г мөлжиж буй энэ үйлдэл түүнийг ирэх сард Ерөнхийлөгчийн албаа авсны дараа зогсоно гэдгийг онцлов.
Харин Панамын Ерөнхийлөгч “Суваг болон ойр орчмын газар нутаг нь Панамынх” хэмээн Трампын сүрдүүлгэд хариу өгсөн байна.
Түүнчлэн Трамп ийн сүрдүүлснийхээ дараа өөрийн цахим хуудсанд нарийн сувгийн дээр АНУ-ын далбаа хийсэж буй зураг байршуулаад “АНУ-ын сувагт тавтай морил” хэмээн нийтэлжээ.
Энэ нь АНУ-ын удирдагч аль нэг улсыг нутаг дэвсгэрээ шилжүүлэн өгөхийг шаардсан ховор тохиолдлуудын нэг болсон юм. Гэхдээ Трамп хэрхэн шилжүүлэн авах талаар мэдээлэл өгөөгүй.
82 км урттай Панамын суваг нь Төв Америкийн бүс нутгаар урсах Атлантын болон Номхон далайг холбосон гол зам юм. Тус сувгийг 1900-аад оны эхээр байгуулсан бөгөөд 1977 он хүртэл суваг АНУ-ын хяналтад байсан.
Улмаар гэрээний дагуу хэсэг хугацаанд Панамтай хамтран удирдсаны дараа Панама 1999 онд сувгийг бүрэн хяналтдаа авсан юм.
Жилд 14 мянга орчим хөлөг онгоц Панамын сувгаар дамжин өнгөрдөг. Эдгээрт автомашин, байгалийн хий болон бусад бараа тээвэрлэдэг чингэлэг тээвэрлэгчид, мөн цэргийн хөлөг онгоцууд багтдаг.
Эх сурвалж: Reuters