Дэлхий
Сирид байгаа бүх зэвсгийг төр хяналтдаа авна
Сирийн шинэ удирдагч Ахмед аль-Шараа засгийн эрхийг гартаа аваад хоёр долоо хонож байна. Тэрбээр хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ Сирид байгаа бүх зэвсгийг төр хяналтдаа авна гэлээ. Тэр дундаа Курд тэргүүтэй хүчнийхний эзэмшиж буй зэвсэг ч үүнд хамаатай аж. Мөн Сирийн зэвсэгт бүлэглэлүүд татан буугдаж, армид нэгдэх болсныг Шараа зарлалаа. Тэрбээр “Сирид төрийн хяналтаас гадуур, хувьсгалт бүлэглэлүүд эсвэл фракцуудын зэвсэг байхыг огт зөвшөөрөхгүй” гэв.
Сирийг олон үндэстэн, шашинтанд ээлтэй нутаг байлгахыг зорьж буйгаа тэр мэдэгдсээр ирсэн билээ. Энэ удаад ч тэрхүү мэдэгдлээ дахин бататгаж, “Бид шашны бүлгүүд болон цөөнхүүдийг тэдний хооронд тохиолдох аливаа халдлагаас хамгаалахаар ажиллаж байна. Нөхцөл байдлыг ашиглан гадны оролцогчид зөрчилдөөн үүсгэхээс ч бас хамгаалахаар ажиллаж байна. Сири бол хүн бүр ээлтэй улс. Бид хамтдаа зэрэгцэн оршиж чадна” гэжээ.
Тус улсад бараг 14 жил үргэлжилсэн иргэний дайны улмаас хагас сая гаруй хүн амь үрэгдэж, хүн амын талаас илүү хувь нь дүрвэсэн. Дүрвэгсдийн олонх нь хөрш орнууд руу, тэр дундаа Турк руу голчлон дүрвэжээ. Турк улс өдгөө Сирийн шинэ удирдлагатай нягт харилцаатай ажиллаж байгаа бөгөөд бүс нутагт тавьсан хориг арга хэмжээг нэн даруй цуцлах ёстой гэж мэдэгдээд байна.
Сири улс хөрш орнуудын асуудалд цаашид хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг Шараа амласан. Мөн Сири улс хөршүүдийнхээ хувьд айдас, түгшүүрийн эх үүсвэр байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.